ИХУХОУТөвийн тэргүүн Зопа Ринбүүчий |
Дэлхий ертөнц
хийгээд ялангуяа Цаст Төвдийн ард түмэн өөр хоорондоо сэтгэл зохилдон,
алагчаалалгүйгээр амраг садан, ах дүү мэт эвсэн зохилдож, нэгэн язгуурт хурах
хийгээд энэ дэлхий дээр хир үгүй Бурханы шашин их эрдэнийг оройлон арвитгахын
тулд хувилгаан нэрт Түвдэн-Зопа би бээр нигүүлсэнгүй
садны авир ёсыг дурьдатган бодит болсон явдал хийгээд шударга үнэнийг
бишрэнгүйгээр айлтгах учир үл мэдэгчид хичээнгүйлэн болгоох хийгээд тачаангуй
хорсол, уурын хирээр хиртсэн алагчаалалт оюунаар бус дурьдал төгөлдөр шинжлэх
оюунаар судлахыг хичээнгүйлэн хүсье.
Шүгдэнг
шүтэгчид асар ариун номыг өөртөө анхааран авч шүтдэг байлаа ч, худалдаа
арилжаа, ашиг орлого тэргүүтнийг бүтээхийн тулд шүтдэг байлаа ч ялгаагүй,
үүгээр Төвд, Хятадыг дотор нь хагаралдуулан үйлдэж, Бурханы шашныг доройтуулан
үгүй хийсэн ч энэ бүхний үр дүнд хор хохирол гарах ч, Шүгдэнг шүтсэн адил үлэмж
их хэмжээний хор хохирол гарахгүй хэмээн сэтгэнэ.
Учир юуны тул
хэмээвээс,
Шүгдэнг
шүтдэг олон хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын дэргэдээс номын айлдвар,
зарлигийн эрх авшгийг айлтган ачит багш хэмээн шүтэж байсан ч хожим дайсанд
үзэх болсон юм. Язгуурын багшаа дайсанд үзвээс муу заяаны зовлонг хязгааргүй
ихээр амсах болохыг та бүхэн сайн мэдэх байх.
“Нууцын
Хураангуйн Язгуурын Тантар” (Сандүйн Жүд)-аас:”Завсаргүй
таван нүглийн үйлийг хураасан ч энэ насанд Бурханы хутгийг олох нь буй. Харин
шүтсэн багшаа доромжлон басамжилбаас энэ насанд Бурхан үл болно” хэмээх зарлигласан мэт.
Өөрийн багшаа
басамжилбаас Ялгуулсан Бурхан бүгдийг басамжилсан болно. Эхэндээ багшийгаа
шүтээд хожмоо шүтэх ёсоо буруудуулбаас маш их гэмт болох юм. Бурхан бүгдийн
үйлс зохионгуй биднийг номхотгохын тулд багшийн дүрсэнд ургасан учраас Багш нь
Бурхан бүгдийн үйлсийн хураангуй дүрс юм. Тиймээс үсэг уншихыг заасан багшаа ч
болов далдуур зангах, муу хэлэн, басамжлан доромжилбоос арван зүгийн Бурхан
бүгдийг басамжилсан болох юм. “Рашааны шим” хэмээх шашдирт:
“Буяны
садан нугууд нь Бурхан бүгдийн үйлс
Өөрийн
багшид ургасан ямагт мөн тул
Түүн дор
үл биширвээс Бурхан бүгдэд үл биширсэн болохыг
Зарлигласны
тул түүний тийн боловсрох үр нь хэт хүнд” хэмээсэн хийгээд мөн
“Тэр адилын өмөг дор санаад
Шавь нь болоод доромжилбоос
Бурхан бүгдийг басамжилсан болох бөгөөд
Тэр нь үргэлжид зовлонг олох” хэмээн айлдсан байдаг.
Олон галавт
багш буяны садан хийгээд Бурханы шашин их эрдэнэ лугаа үл учраад улмаар
нэрвэшгүй тамд төрөн тоолшгүй олон галавт барагдашгүй зовлонг эдлэх болох юм.
ИХУХОУТөвийн тэргүүн Зопа Ринбүүчий |
Түүгээр ч үл
барам өөрөө бодьсадва биш байж бодьсадвын хутгийг олсон нэгэнд агшин төдийд
уурлах аваас мянган галавт хураасан буяны ёзоороо үгүй хийдэг болохыг Их
бодьсадва Шивалха бээр,
“Мянган галавт хураасан
Өглөг хийгээд Бурхадыг тахих тэргүүтэн
Магад сайн алин үйлдсэн тэдгээрийг ч
Уур хилэн даран үйлдэнэ“хэмээн зарлигласан билээ.
Буян хураахын
шүтээн болсон орны дотроос хэтэрхий их хүчтэй нь Бурхан юм. Түүнээс ч илүү хүч
ихтэй нь өөрийн шүтсэн лам багш юм. Тиймээс, олон галавт буяны садан лугаа эс
учирваас Бурханы шашинтай ч учрахгүй.
Өдгөө Шүгдэн
шүтэх нь тухайн хүнд асар их хорлол хөнөөлтэй бөгөөд цаашилбал, дэлхий ертөнц,
бусад хүмүүс хийгээд Бурханы шашинд асар их хорлолтой гэдгийг санагтун.
Урьд Шүгдэн
энэ нь бидний Бурхан Багш Шагжамүнийн шашинтай тангараг буруудаж, буруу ерөөл
тавьсан болохыг өнгөрсөн ба ирээдүйг болгоосон нэгэн бээр айлдсан юм.
Шүгдэнг ихэд эрэмхийлэн
шүтэгч олон хүмүүс эцэстээ өлзий бусаар нас эцэслэж байв. Жишээлбэл, Их хийд Сэра-Мэ дацангийн лам номонд
мэргэн гэвш Ишванчүг бээр Павонка Ринбүүчийн хойд дүрийг Төвдөд урин залаад,
Гомба-Са Ринбүүчигээс “Шүгдэнд амиа тушаах урилга” хийгээд “Дэмчиг Бурханы
Биеийн Хот Мандалын” авшиг айлтгуулсан тэрбээр нэг өдөр машинд морилон явж
нэгэн их давааны оройд хүрэх үед, хэдийгээр тэр машинд олон хүн зорчиж байсан ч
тэрээр ганцаараа машины цонхоор халил ангал руу унаж нас барсан юм.
ИХУХОУТөвийн тэргүүн Зопа Ринбүүчий |
Мөн Шүгдэнг
нууцаар ихэд тахин шүтэгч Доржжанцан хэмээх худалдаачин эдгэршгүй өвчинд
нэрвэгдээд өөрийн эхнэртээ “Шүгдэнд үргэлж тахил үйлддэг газарт минь очиж
залбирал үйлд” хэмээн захижээ. Нөхрөө нууцаар Шүгдэнг шүтдэгийг үл мэдэх эхнэр
нь арга мухардахдаа тэр газар очиж нөхрийнхөө хүссэн ёсоор Шүгдэнд үйлсээ
даатган сэржим тэргүүтэнг өргөжээ. Үүний дараахан Доржжалцан: “Шүгдэн өнөөг
хүртэл миний толгойг эргүүлж байж. Хэрцгий албин болохыг нь сая л үзэв. Би бээр
мэхлэгдсэн байж. Өнөөг хүртэл эндүүрсээр явж. Би багшаасаа уучлалт гуйн
наманчилж байна” гэж хэлж байжээ. Нас барах үедээ тэрээр хоолойгоо
боолгуулж буй мэт болж, амнаас нь хөөс гарч байсан гэдэг. Тэрээр аймшигт
үзэгдэл олныг үзсээр сүүлчийн амьсгалаа хураасан юм. Хожим цогцсыг нь үхээрийн
газар аваачихад, хэдийгээр тас шувуу ирсэн ч түүний хүүрийг идээгүйгээр үл
барам зугтан дайжиж байсан гэдэг.
Мөн гурван
цагийн ялгуусан бүхнээс ч илүү ачтай, алдрыг нь дурьдахуйяа бэрх, миний буяны
их садан, Түвдэн-Еши багш маань Шүгдэнг шүтдэг байсан ч
дээд оронд ажрахынхаа өмнө (таалал барахын өмнө) “Шүгдэн
үнэхээр асар арилсан бус байжээ” хэмээн айлдаж байсныг нь миний бие багшийн лагшин ажрах
тэр үед хамт байсны хувьд сайн санадаг.
Үүнээс өөр
бусад явдлын тухай Төвдөөс илгээсэн захидлаас мэдэж болно. Энэ захидлыг уншаад
алагчаалах сэтгэлээр хэн нэгэнд бурууг тохож үл болно. Харин энэ мэт доройтол,
башрыг өдөөгч нь гагцхүү Шүгдэн юм. Захидалд бодит болсон явдлыг тодорхой
өгүүлсэн буй. Та бүхэн Төвдөөс илгээсэн захидлыг уншина уу.
Төвдөөс
илгээсэн захидал
“Шүгдэнтэй
холбоотой муу ёр бодитой гарсан түүх”-ийн
цуглуулга.
Би бээр 2007 онд төрсөн нутаг Баатан уруу явах замдаа Баа аймгийн нутгийн
доод хуваарь, Санва Хадод гэх газар байх 20 гаруй айл өрхтэй жижиг суурингийн
иргэд урьсан дагуу тэр сууринд буух үед тэндхийн иргэдээс Шүгдэнтэй холбоотой
муу ёр бодитой гарсан түүх үүнийг сонссон юм:
Арван жилийн өмнө энэ суурингийн иргэд хур бороо цагтаа бууж, үр тарианы
гарц сайн байлгахын тухайд засал гүрэм хэрхэн хийвэл тустай болохыг Баа-Лааха Ринбүүчийд айлтгасанд
Ринбүүчи “Суурингийн хаанаас ч харсан харагдах газар суварга босгох
хэрэгтэй”хэмээн айлджээ. Нутгийнхан Ринбүүчийн айлдвар дагуу суурингийн доод
толгойн оройд суварга босготол огторгуйгаас аянга бууж суваргын нэг талыг
эвдэлжээ. Нутгийнхан суваргаа зассанд аянга дахин бууж суваргын талыг дахин
эвдэлсэн байна. Дараа нь дахин сэргээсэн боловч удалгүй суварга өөрөө сууриараа
хазайсан явдал гарч. Энэ үест урьд Өмнөд Энэтхэгийн Брайбүн Гоман дацанд хэдэн
жил ном үзсэн лам Гара Чойнпол хэмээгч энэ явдалд сэжиг төрж суваргын доторх
сүншигийн зарлигуудыг гаргаж үзтэл дотор нь Шүгдэнгийн зурмал дүр байсанд бүгд
сэжиглэн аянга буусны шалтгаан нь энэ зурмал дүр мөн хэмээн магадлаад тэр
дүрийг галд шатаасан байна. Хожим сайтар шинжлэн үзэхүйд Шүгдэнгийн зурмал
дүрийг хадгалж байсан өвгөн лам Санва Галсан Шүгдэнг шүтдэг байсан бөгөөд
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Шүгдэнг шүтэж болохгүй” хэмээн удаа дараа зарлиг
гаргасан учир тэрээр түр нэгэн зуур завсарласан боловч нууцаар тахин шүтсээр
байж. Тэрээр Шүгдэнгийн зурмал дүр тэрийг нутгийн хар, шар олонд
мэдүүлэхгүйгээр суваргын сүншигт хийсэн юмсанж. Өвгөн лам тэр ч нэгэн өдөр айлд
уригдан гүрэм засал хийхээр очин, балингаа гаргаж байх зуураа гэнэт ухаан алдан
унаж, ёр бусаар амьсгал хураасан гэдэг.
Тэр нутагт суваргыг дахин сэргээснээс хойш өнөөг хүртэл 6, 7 жилийн хооронд
элдэв явдал гараагүй бөгөөд өдгөө хур бороо цагтаа бууж, үр тариа ч сайн гарч,
нутаг даяараа нүнжигтэй сайхан байна хэмээн нутгийн хүмүүс бүгд нэгэн дуугаар
өгүүлж байв. Урьд энэ суурингийн сүмд Шүгдэнгийн дүр байсныг нутгийн хүмүүс
сүмийн гадна гарган нэгэн чулуун хороонд далд болгон тавьсныг би бээр
Шүгдэнгийн дүрийг чулуун хороо сэлттэй нь үлдэгдэлгүй нураасан билээ.
Өөр нэгэн түүхийг өгүүлэхэд: Дохамын Литан нутгийн Браруха сууринд Санжод
Дацан хэмээх нэгэн жижиг хийд байх. Урьд Өмнөд Энэтхэг дахь Сэра-Мэ дацангийн Бомра аймгийн
лам, Шүгдэнг ихэд шүтдэг Лувсаннорвуу, хожмоо бага гэвшийн дамжаа бариад төрсөн
нутагтаа буцаж ирэн, гэвшийнхээ нэрээр түрий барин уг хийдийн гол эзэн мэтээр
суужээ. Нутгийн сүсэгтэн бүгд Шүгдэн шүтдэг хүмүүст дургүй байсан учир тэр гэвш
шүтдэггүй мэт дүр эсгэж байсан ч дацангийн хамба лам асан Жамъян тэргүүтэн
нутгийн хүмүүс бүгдээр түүнийг Шүгдэнг шүтдэг байх хэмээн сэжиглэдэг байв.
Нэгэн удаа тэрээр олон нийтийг мэхлэн цуглуулахын тулд “Майдар Бурханы номын
аймгийг номлох гэж байна”хэмээн их зар тараажээ. Тэр өдрийн эл үйл явдал
завсарлах үед нэгэн нохой сүмийн шүтээн, адистид бүхий шавраар бүтээсэн
Бурхадын дүрийн мутрыг хугалсан муу тэмдэг ёр үзэгдсэн ажээ. Удалгүй хийдийн
дээр аянга бууж хийдийн ялгуулсаны дуазыг дундуур нь хугалан дуганы өмнө
унагасан байна. Энэ явдлын дараахан, нэгэн шөнө хийдэд юунаас болсон нь
мэдэгдэхгүй гал гарчээ. Уг хийд суурингийн төвд байдаг хэдий ч гал гарсныг хэн
ч мэдээгүй бөгөөд үүр хаяарахад хийдийн хананаас бусад нь бүгд үнс болтлоо
шатсан муу ёрын явдал болжээ.
Бодитой болсон түүх эдгээрийг Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын Шүгдэн шүтэхийг хориглосон зарлигт өчүүхэн ч атугай тус болох болов
уу хэмээн санаад 2011 оны 11 сарын 12-нд бишрэнгүй мөргөл,
залбирал сэлттэй хүргүүлэв.
Дээрхийн
Гэгээнтэн Далай Лам эхэндээ Шүгдэн шүтдэг байсан ч олон жилийн турш ажиглан
шинжлээд Шүгдэнг шүтэх нь шашин хийгээд амьтанд их хорлолтой болохыг тодорхой
болгоож, “Шүгдэн шүтэж болохгүй” хэмээн зарлиг сургаалаа хайрласанд хийд орны
зарим их гэвш нар Дээрхийн Гэгээнтэнд гэм зүүн өгүүлж, гүтгэн гүжирдсэн ном
товхимол олныг хэвлэж тараах тэргүүтэнг үйлдэж байв.
Саяхан Жанзэ
дацангийн номд мэргэн гэвш Бради бээр өмнө өгүүлсэн адилаар Дээрхийн Гэгээнтэнд
гэм зүүн өгүүлсэн бичиг тэргүүтэнг үйлдсэнд дацангийн хуврагууд Дамжан Чойжил
сахиусандаа гэвшийг хуврагийн орноос хөөвөл хэрхэх болохыг айлтгасанд
сахиуснаас хуврагийн орноос хөөвөл сайн болохын шинж тэмдгийг үзүүлсэнд шүтээд
олон хуврагуудын дунд түүний Дээрхийн Гэгээнтэнд гэмийг өгүүлж бичсэн бичгийг
дуудан сонордуулаад дацангаасаа хөөсөн юм.
Энэ мэтээр
муу үйлийг хурааснаар олон галавт санаанд багташгүй их зовлонг эдлэх бөгөөд
үүний үндэс ёзоор нь гагцхүү Шүгдэнг шүтсэний гэмээр уршигдаж байгаа юм.
Гурван цагийн
Бурхад бүхнээс ч ханьцашгүй их ачтай, Ялгуулсны эрхэт, Хамгийг айлдагч Дээрхийн
Гэгээнтэн Далай Лам нь Ялж Төгс Нөгчсөн Бурхан багшаас эш лүндэнтэй билээ. Урьд
Бурхан багш бээр Хязгааргүй Дээд Оюунт нэрт бодьсадвын ойрын нөхөр сэлтэд эш
үзүүлсэн юм.
“Нууцын Хураангуйн Тантрын Сан”-д: Доржчан Бурхан бээр номын хаан
Индрабуди тэргүүтэнд ийн хэмээн,
“Хязгааргүй олон бодьсадва нөхдийн дундаас Хязгааргүй Дээд Оюунт сонсохтун.
Бодьсадва та болбоос амьтны их багш мөн болой. Орчлон зовлонт амьтдаар хоосрох
тэр хүртэл та бээр амьтны аврал, өмөг болон орших болой. Ялангуяа Цастын Оронд
дүрст лагшинг таалж, гурван аймаг савын номыг дэлгэрүүлэн үйлдэх бөгөөд амьтны
тусад дурших болой. Хязгааргүй Дээд Оюунт аа, Цастын Орон энэ нь Их Бодьсадва,
Махасадва, Хутагт Жанрайсигийн номхтгох орон болой. Цастын Орон энийг та бээр
номхтгох болъюу. Бодьсадва Жанрайсиг-Хязгааргүй Дээд Оюунт аа, Та бээр
гурван аймаг савын ном хийгээд дээр үгүй очирт хөлгөний номыг номлон машид
гийгүүлэх болой” зарлигласан болой.
Энэхүү
зарлигийн утгыг тодруулбал: Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Сопа гэвшийн Бугат
хүрээлэн (Deer Park) төвд морилон ном айлдаж байх
үеэр тус номын төвд ажилладаг хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд бараалхсан юм. Тэд
Дээрхийн Гэгээнтэнд “Та үргэлжид ‘Надад бодь сэтгэл хийгээд хоосон
чанарыг оносон оюун төрөөгүй’ хэмээн зарлиглах. Хэрвээ Дээрхийн Гэгээнтэнд тэр мэт
онолын эрдэм үгүй аваас эгэл бид итгэл горил лугаа хагацах буй за”хэмээн айлтгасанд Дээрхийн Гэгээнтэн бээр
таалал нигүүлсэхүйгээр (тэд
бээр итгэл сүжгээ алдах вий хэмээн) үл тэвчин хайлж “Урьд Хутагт Жагарын оронд Бурхан Багш Шагжтүвийн нөхөр бодьсадва байснаа
санадаг” хэмээн аман гэгээнээрээ тодорхой хариулан соёрхсон юм. Тиймээс Цастын орны
төвд хүмүүс үнэхээр их хувь сайтай гэдгээ мэдэх хэрэгтэй юм.
Товчилбоос,
зөвхөн Төвд төдийгүй энэ дэлхийн сая сая хүмүүсийг олон галавт амар амгалан
байлгах хийгээд тонилохуй нирваан болон бүхнийг болгоогч Бурханы хутагт хөтлөн
зохиогч шашныг баригч бусад дээд төрөлхтөн лугаа адилгүй агуу их зохиол үйлсийг
туурвигч Далай багш бээр Бурхан бодитой биш хийгээд Хутагт Жанрайсиг бодитой
биш болох юм бол энэ дэлхий дээр амьтны тусыг үйлдэгч Бурханы хувилгаан байхгүй
болох бөгөөд хэрвээ тэр мэт болбоос бодийн сэтгэл хийгээд Бурханы шашны ном
бүгд худал болох болой. Тиймээс Шүгдэнг шүтээд Бурханы шашны номыг үйлдэх нь
өөр хоорондоо харшилсан хэрэг болно. Худлыг үнэн гэж үзээд анхааран авлага
үйлдсэн хэрэг болох юм.
Их хийд Гоман
Дацангийн нэгэн эрдэмтэй лам бээр Шүгдэнг ихэд шүтдэг байснаар үл барам Шүгдэнг
шүтэхийг дэлгэрүүлэх үүргийг өөртөө хүлээж, Дээрхийн Гэгээнтэй харшилж,
зарлигийг нь эвдсэн юм. Тэрээр нас эцэслэх үед зүрх нь хэдэн хэсэг болон
хагарч, нүд нь гадагш сугарч гарсан гэдэг. Энэ нь өөр нэгэн жишээ юм.
Ямартай ч
олон жилийн турш ажиглан шинжлээд Шүгдэнг шүтэх нь зохисгүй хэмээн хориглосон
нь ганц Дээрхийн Гэгээнтэн Далай Лам биш юм. Наран мандаж харанхуйг гийгүүлдэг
мэт шашин хийгээд амьтны тусыг агуу ихээр бүтээж байсан Гачэн Ишжанцан, Туган
Лувсанчойжинямаа тэргүүтэн Гэлүгва ёсны билэг чанар төгс багш дээдэс нар
Шүгдэнг шүтэхийг хориглож байв. Тэдгээр мэргэдийн зохиолуудыг үзвэл үүнийг
мэдэж болно. Дээрхийн Гэгээнтэн тэдгээр зарлигуудыг цуглуулан эмхэтгэсэн бөгөөд
хэрвээ та бүхэн тэдгээрийг уншихыг хүсвэл Дээрхийн Гэгээнтний хувийн албанд
хандаж болох юм.
Мөн Шүгдэнг
шүтдэг мэргэн гэвш, дээд лам нар ч гарч байв. Жишээлбэл, Авралт Богд Павонка
Дэчиннямбуу бээр шашин хийгээд амьтанд агуу их тусыг бүтээж байсан ба түүний
олон шавь нар багшийнхаа энэ адилын агуу их зохиол үйлс нь Шүгдэнг шүтсэнээр
гарсан хэмээн эндүүрч, ажиглан шинжлэлгүйгээр мухраар Шүгдэнг шүтсэн юм. Олон
хүмүүсийн хувьд Шүгдэнг шүтсэн учир шалтгаан нь ердөө л энэ юм.
Авралт Богд
Павонка Ринбүүчи урьд Дамдин-Янсан Бурханы номын аймаг
хийгээд Тавдугаар Далай Ламын “Арилсан Үзэгдлийн Номын
Аймаг” тэргүүтэнг анхааран авч үйлддэг
байсан ч хожмоо тэрхүү бясалгал бүтээлээ завсарласан юм. Нэгэн өдөр Павонка
Ринбүүчи өөрийн сойвондоо “Маргааш нэгэн тарган лам надтай уулзахаар ирнэ.
Түүнийг хэрхэвч дотогш оруулж болохгүй шүү” хэмээн
захисан ч маргааш өдөр нь өнөөх тарган ламыг ирэхэд сойвон нь багшийнхаа
захисныг мартаад тэр ламыг дотогш оруулжээ. (Энэ нь Шүгдэнг шүтдэггүй хийгээд
ялангуяа шүтдэг хүмүүст учирсан барцад саад байсан юм) Дараагаар сойвонг дотогш орох үед
багшийн таалал амгалангүй байх намба байдлыг үзүүлж, Дамдин-Янсан Бурханы хөрөг
тэргүүтэнг доош тавих зэргээр тааллаа урвуулан зохиосон гэдэг.
Авралт Богд
Павонка Дэчиннянбуу болон Авралт Богд Тижан Ринбүүчи нар нь Бурхан бодитой мөн
боловч Шүгдэнг шүтсэн нь бидэнд эглийн дүрийг үзүүлж буй хэрэг юм. Эглийн
дүрийг үзүүлэх гэдэг нь гэмийг үзүүлэхийн нэр юм. Эглийн дүрийг үзүүлэх гэдэгт
үүнээс өөр утга байхгүй. Эглийн дүр байдлыг үзүүлэлгүйгээр биднийг орчлонгоос
аврахын арга үгүй. Гэмт байдлыг үзүүлж биднийг Бурханы оронд хөтөлж байгаа нь
тэр билээ. Энэ адил үзэгдсэн нь багш бээр бидэнд огторгуй дүүрэн зэндмэнэ
эрдэнэ хайрласнаас ч илүү ачтай хэрэг юм. Ганц энэ төдий бус, багшийн зохионгуй
гэмтэйд үзэгдэх нь олон бий. Жишээлбэл, Багш бээр лагшин чилээрхэхийн дүрийг
үзүүлэх нь бидэнд ямар хоолыг идвэл хор болох, ямар хоолыг идвэл эм болохыг
үзүүлж буй хэрэг юм. Мөн зам үгүй, халил газарт явж үл болохыг үзүүлэх зэргээр
багшийн дүр байдал гэмтэйд үзэгдэх нь олон буй. Багшийн зохионгуй гэмд ургахыг
Бурханы хутгийг олохын шалтгаан болсон сүжгийг арвитгах буюу сэтгэл үндсэндээ
буй сүжгийг доройтуулалгүй арвитгахын нөхөрт урвуулах нь маш их аньс ихтэй юм.
Гүр дуулал-д,
“Алин ямагт Доржсэмба хэмээх
Алин тэр ямагтыг багшийн дүрээр санахтун
Амьтан бүгдэд туслахыг үргэлжид зорих
Алин тэрээр эглийн дүрээр оршъюу” хэмээн зарлигласан мэт.
Бурхан багш
цөвүүн цагт багшийн дүр байдлаар залрахыг зөвхөн арвис тарнийн ёсонд ч бус,
судрын ёсонд ч мөн айлдсан байдаг.
Өмнө зүгийн
их өндөр уул хэмээхэд Бурхан багш бээр ном номлон ахуйд бодьсадва Үзэхүй Туст
бээр “Одоо бидэнд Бурхан Багш номоо номлон байгаа ч ирээдүйд Бурханы гэгээн
гаслангаас гэтлэхийн ёсыг үзүүлсний хойно номыг номлогч үгүй болох буюу” хэмээн
сэтгэсэнд Бурхан Багш түүнд ийн хэмээн зарлигласан юм:
“Аяа Үзэхүй Туст аа,
Хожмын цаг ирэхүйд
Би бээр хамбын биеийг үзүүлмүй
Би бээр багшийн дүрсэнд оршмуй.
Аяа Үзэхүй Туст аа,
Амьтан нугуудыг номхотгохын тулд
Би бээр төрөх, өтлөх хийгээд
Өвдөх, үхэхийг машид үзүүлмүй”.
Лам багш
бодитой Бурхан мөн боловч өөрийн зүгээс Бурхан хэмээн эс үзвэл гэм ямагтыг л
олохоос, ашиг тус үл гарах учрыг Гаадамбын буяны их садан Бодова Хөх Дэвтэр
хэмээх зохиолдоо: “Манзушир, Жанрайсиг бодитойгоор өмнө заларсан ч өөрөөс
болоод ашиг тус аль нь ч гарахгүйн дээр харин ч гэмт болох нь буй” хэмээжээ.
Үлгэрлэвээс,
Гэлэн Лэгбийгарма бээр бидний Бурхан багшийн дэргэд 22 жил ойр байсан ч тэр бүх
хугацааны турш Бурхан багшийг жирийн нэгэн хууран мэхлэгч мэтээр үзэж байсан
бөгөөд үүнийхээ үрд тэрээр муу заяанд, нэрвэшгүй халуун тамд галваар зовох
хэрэгтэй болсон юм.
Багш
хэдийгээр Бурхан бодитой биш байлаа ч Бурхан бодитой мөн хэмээн үзвэл өөрт ашиг
тус ямагт л гарахаас гэм үл гарна. Үлгэрлэвэл, нэгэн хөгшин эх бээр нохойн ясыг
Бурханы шүд хэмээн үнэнхүү итгэн сүжиглэж байсны хүчээр Бурханы адистид бодитой
оршин, нохойн яс Бурханы шарилын шүтээн (ринсэл) болон хувирсан мэт.
Тэрчлэн шавь
бээр энэ адилаар багшийгаа Бурхан бодитой хэмээн шүтсэнээр багшаасаа өмнө төгс
гэгээрлийн хутгийг олж амьтны тусыг хотол чуулган үйлдэх нь ч байх хэмээн
айлдсан байдаг.
Түүнчлэн V Далай Лам бээр,
“Өөрийн сэтгэл буруу эндүүрлийн үзэгдэлд
Өөрийн гэм багшийн зохионгуйд ургах бүгдийг
Өөрийн гэмд мэдээд хойшид хор мэт тэвчихтүн” хэмээсэн байдаг.
Богд Зонховын
ёсонд багшийн зохионгуйг гэмд үзэхийг сүжгийн нөхөрт урвуулах ёсыг дээрх
зарлигууд өгүүлж байдаг. Эдгээр зарлигуудын утгыг сайтар тунгаагаарай.
Багшийн
гэмийг харах нь, толинд туссан нүүрний дүрсэнд хар толбо байх аваас тэр нь
өөрийн нүүрэнд л хар толбо байгаагийн тэмдэг болохоос толины гэм биш лугаа адил
юм. Багш бээр хорыг таалбаас бид ч мөн дагаад хор идэх хэрэггүй юм. Энэ юу
гэсэн утгатай болохыг бид шинжлэх хэрэгтэй. Тогос шувуу хор идээд улам өнгө зүс
орж, амьд байж чаддаг шиг хор идээд амьд байж чадвал болж л байна. Хэрвээ бид
хорыг рашаанд урвуулж чадвал хор идэхэд гэмгүй билээ.
А ЛА ЛА ХО
А ХО МАХА
СУХА.
Ялгуусан
Вэнсава бээр,
“Товчилбоос онол эрдэм их, бага алин төрсөн нь
Сүжиг их, багын алинг бясалгасны хүч мөн.
Шид бүтээл гарахын орон эрдэмт багшийн
Эрдмийг санаад, гэмийг үл үзэх
Увидас үүнийг сэтгэлдээ барин зохиогтун” хэмээсэн билээ.
Бодь Мөрийн
Зэрэг Рашааны шим-д,
Муу үйлийн түйтгэрээс хагацах хүртэл
Хоцроолгүй Бурхан бүгд өмнө тань илтэд заларсан ч
Өдгөө үзэгдэх эглийн үзэгдэл энэ ямагтыг үзэхээс бус
Билгэ найргаар чимэглэсэн дээдийн лагшинг үзэх хувь хаанаас байх” хэмээсэн байдаг.
Энэ нь өөрийн
багшийг билгэ найргаар чимэглэсэн дээдийн лагшингийн дүрээр үзэхийн тулд Их
Хөлгөний таван мөрөөс Чуулганы мөр, Номын үргэлжлэлийн самадийг олох хэрэгтэй
гэсэн утгатай юм.
Урьд зарим
тэрсүүд Бурхан багштай учирч байсан ч Бурхан Багшийн тэргүүний үснир хийгээд
лагшингаас нь цацрах гэрэл зэрэг билгэ найргийн алийг ч үзэлгүй жирийн нэгэн
хүн мэтээр харж байсан юм.
Мөн Хутагт
Асанга бээр Майдар бурханыг бөгсөн бие нь өтсөн эм нохойн дүрээр харж байсан
гэдэг. Түүнчлэн их бясалгаач Нагбу-Жодба болон гэцүл Цэмбүва нар идам Доржбалму
бурханыг уяман өвчтэй эмэгтэйн дүрээр харж байв.
Мөн мэргэн
шидтэн Нароба хийгээд нутгийн хүмүүс Их бүтээлчин Дилоба-г Доржчан бурхан
бодитой байсааар атал амьд загас шарж иддэг гуйлгачны дүрээр харж байсан юм.
Дээрхийн
Гэгээнтэн Далай Лам нэгэнтээ
“Цог төгөлдөр багшийн намтар дор
Агшин төдийд ч буруу үзлийг
төрүүлэлгүй
Алин зохиосон бүхнийг сайнд үзэн
биширснээр
Ачит багшийн адистид сэтгэлд
орших болтугай” гэх
энэхүү ерөөлийн үгийг хүлээн зөвшөөрч үл чадна
хэмээн айлдсан юм. Дээрхийн Гэгээнтний таалал оюун Авралт Богд Павонка Ринбүүчи
болон Авралт Богд Тижан Ринбүүчи нарын таалал оюунтай нэг учир Дээрхийн Гэгээнтэн
бээр тийнхүү зарлигласан юм.
Энэ нь Авралт
Богд Дэчиннянбуу бээр Ламыг алсаас урихуй-даа:
“Бурхан
бүгдийн билгүүн, их амгалант номын лагшин нэгэн мөн чанартай
Тэр ямагт
нь ачит багш бүгдийн мөн чанар болой
Багш-Номын лагшин дор зүрхний угаас соёрхол талбия
Энэ хойд
хийгээд завсрын төрөл бүхэнд хагацалгүй дагуулан барихтун” хэмээн айлдсантай утга
нэг юм.
Өмнө өгүүлсэн
ерөөл нь муу үйлээр машид түйтгэрлэгдсэн, тийн атгагаар дүүрсэн над мэтийн
эглүүдэд л зориулагдсан юм.
Дээрхийн
Гэгээнтэн Далай Лам болбоос энэ дэлхий дээрх Бурханы шашныг баригч,
дэлгэрүүлэгч нарын эрхэм нь мөн тул Дээрхийн Гэгээнтний сургаалыг дагах нь маш
чухал юм.
Энэ дэлхийд
олон шашин байдаг ч ганц бидний Бурхан Багш Их нигүүлсэхүйт Шагжамүни бээр л “Гэлэн
нугууд аа, Та бүхэн алтыг үрж, хэрчиж, хайлуулж шалгадаг шиг миний сургаалыг ч
мөн адил тэр мэт шинжлэхтүн. Зөвхөн сүжиг төдийгөөр бүү ханд” хэмээн
зарлигласан билээ. Тиймээс бид Бурханы номын анхааран авлага алинг үйлдэхнээ ч
сайтар шинжилж байх хэрэгтэй юм. Үүнийг л Бурхан Багш бидэнд айлдсан хэрэг.
Үүгээрээ Бурхан Багш бидэнд өөрийнхөө сургаалыг шинжлэх эрхийг өгсөн юм. Та
бүхэн үүнийг сайтар ухаараарай.
Бүхнийг
айлдагч, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын сургаалыг дагах нь хувь хүн хийгээд
нийт Төвдүүд цааз ёсыг ариунаар нэгэн үндсэнд жигдлээд, эв найртай тайван
амьдрахын тухайд юм.
Энэ нь
төрлөөс төрөл тутамдаа ямар нэгэн бэрхшээлгүй байж, энэ дэлхийд жаргалын наран
мандах хийгээд амар амгалан хотол чуулган байхын тухайд юм. Энэ дэлхийд Бурханы
шашин хир үгүйгээр дэлгэрэх хийгээд ялгамжаатай Төвдийн Их Хөлгөний хиргүй
шашин доройтолгүй дэлгэрч байхын тухайд л Дээрхийн Гэгээнтэн Шүгдэнг шүтэхийг
хориглосон зарлигаасаа буцахгүй байгаа билээ.
Зарим дээд
лам, гэвш нар Дээрхийн Гэгээнтний энэхүү шийдвэрийг шүүмжилж, дайсанд үзэж
байсан ч тэрээр таалал, зарлигаа өөрчлөөгүй юм. Энэ нь Цаст Төвдийг номхотгогч
Хутагт Жанрайсиг бээр хэзээ ч ганц өөрийн тусыг үйлдэхгүй бөгөөд түүний зохиол
үйлс нь гагцхүү бусдын тусын тулд л зоригддог болохыг харуулж буй хэрэг юм. Их
бодь сэтгэлтэн, их нигүүлсэхүй сэтгэлтэн бээр арван зүгийн Бурхан бүгд лугаа
адил зургаан зүйлийн амьтдыг нигүүлсэхүйгээр болгоож, гэгээрлийн замд хөтлөн,
аврал өмөг ямагтыг зохиодог болохыг харуулж хэрэг юм.
Урьд би бээр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бараалхаж аймшиггүйгээр, дэлхий нийт хийгээд
ялангуяа нийт Төвдийн ард түмнийг төлөөлж, зарим дээд лам, гэвш нар Дээрхийн
Гэгээнтний шийдвэрийг эсэргүүцэн ном товхимол бичиж байсан ч Дээрхийн Гэгээнтэн
бээр Шүгдэнг шүтэхийг хориглосон зарлигаа буцаагаагүй нь Дээрхийн Гэгээнтэн
юутай хэмжээлшгүй их зарлигийн ачтан билээ гэдгийг илтгэж буй хэрэг хэмээн
айлтгаж байсан юм.
Англи эхтэй нь харьцуулж төвд хэлнээс орчуулсан Ж.Дамдинсүрэн.