Friday 28 September 2012

2000 оны 12 сарын 6-ний өдөр Дээрхийн Гэгээнтэн Дарамсалад хуралдсан Гэлүгбын II Их Хурал дээр Шүгдэнгийн тухай айлдсан айлдвар (бүрэн эхээрээ)



Зарим хүмүүс Шүгдэнг шүтэж болохгүй гэж ярихдаа “Далай багшийн зарлигийг дагах хэрэгтэй” гэж ярьдаг. Үүнийг би алдаа гэж бодож байна. Бид Бурхан Багшийн сургаалыг шинжилж үзээд, үнэн учир шалтгаанд нийцсэнийг нь хүлээн зөвшөөрч, нийцээгүйг нь тааллын өөр утгад тайлбарладаг. Тиймээс миний хэлснийг шинжлэлгүйгээр “Далай багшийн зарлигийг дагах хэрэгтэй” гэж яривал Бурханы шашин болон илүүтэйгээр Их Хөлгөний номын ёстой харшилна. Шүгдэнг шүтэж болох, болохгүй нь Далай Ламын зарлигийг дагах, дагахгүйн тухай асуудал биш. Өнөөг хүртэл тодорхой хугацааны турш бусдын төдийлөн анхаарч байгаагүй энэ асуудлыг ил гаргасны учир нь өнгөрсөн 300 гаруй жилийн турш үргэлжилж буй маргааныг эцэс болгохын тулд юм.
Өнөөдөр энэ тухай нэгэн шинэ зүйлийг нэмж хэлье. Гүнтан Ринбүүчийн зохиол “Утга төгөлдөр магтаал” (Додба дондан-ма) -д:
Одоо цагт Богд Ламын шашин ариун байгаа ч
Цөвт мунхгийн тоосоор бүрхэгдсэн
Олон буруу буяны садан нугууд
Хүмүүсийг аймшигт халил газарт хөтөлнө хэмээн бичсэн байдаг.
Гүнтан Ринбүүчий Ёнзон Ишжанцан, Гончигжигмэдванбуу нараас ном сонсож байсан. Гончигжигмэдванбуу бол Жанжаа Ролбийдоржийн шавь. Ингээд бодоход тэр үед Шарын шашинтан хүн Одоо цагт Богд Ламын шашин ариун байгаа ч хэмээсэн нь Гаржүдба, Нинмава, Сажавын тухай биш Шарын шашны тухай л хэлж байгаа хэрэг.
Цөвт мунхгийн тоосоор бүрхэгдсэн
Олон буруу буяны садан нугууд
Хүмүүсийг аймшигт халил газарт хөтөлнө
хэмээн тэрээр Жанжаа Ролбийдорж, Гончигжигмэдванбуу, VII Далай Лам Галсанжамц нарын үед бичиж байв. Тэр үед Богд Ламын шашинд том ламын нэрийг барьж бусдыг буруу мөрд хөтлөгч хэн байв? Үүнийг бид мэдэх хэрэгтэй. Гүнтан Ринбүүчий ийн бичиж байсан үеийн түүхийг сөхөн үзвэл, тэрээр VII Далай Ламыг төр барьж байх үед гарсан ноёд түшмэдийн будлианыг, эсвэл Брайбүн хийдийн лам Лэлүн Шадавдоржийн тухай хэлсэн байж болох юм. Лэлүн Шадавдорж нь Шарын шашны Брайбүн хийдийн лам бөгөөд нууц тарнийн бясалгал бүтээл нь өндөр хэмжээнд хүрсэнд эрэмшин эхнэр авснаас улбаалан олон шавь нар нь түүнийг дуурайж, эмэгтэй хүнтэй холбогдон сахил санваараа алдах болсон тул Шогдонёодхайдүв, Пүржог Агваанжамба нар буруушаан “Одоо цагийн зарим лам нар ариун явдлаа цалгардуулж, хийд орныхоо олон хуврагийг гэргийтэн болгон уруу татаж, шашныг доройтуулж байна” хэмээн зэмлэж байсан нь Пүржог Агваанжамбын намтарт гардаг.
Гүнтан Ринбүүчий үүнээс өөр зүйлийг хэлсэн ч байж болох юм. Пүржог Агваанжамба болон Дэчин Агваанчогдон нарын зохиолд Шүгдэнгийн нэрийг шууд өгүүлж, шүтэхийг хориглосон байдаг. Мөн Ёнзон Ишжанцан бээр “Дашлхүнбэд шинэ сахиус гэгдээд байгаа энэ муу чөтгөр нэг л өдөр хуурна даа!” хэмээн айлдсан байдаг. Энд Дашлхүнбэ хийдийн хамба ирсэн байна. Тэр үед Дашлхүнбэ хийдэд юу болж байсныг судлах хэрэгтэй шүү! VI Ванчин Богд Балдан-Иш VII Далай Лам Галсанжамцын шавь байсан. Тэрээр Дэчин Агваанчогдонтой барилдлагатай байсан эсэхийг мэдэхгүй ч, Шүгдэнгийн тал дээр түүнтэй ижил бодолтой байсан нь тодорхой. VIII Ванчин Богд Данбийванчүгийг бага байх үед Дашлүнбэ хийдэд Шүгдэнгийн ёр гарахад ёр гарсан байшинг нураалгасан байдаг. VI Ванчин Богд Балдан-Ишийн үед Дашлхүнбэ хийдэд Шүгдэнг сахиусанд тахидаггүй байсан байх гэж бодож байна. Учир нь Ёнзон Ишжанцан VII Ванчин Богд Данбийнямыг бага байх үед “Дашлхүнбэд шинэ сахиус гэгдээд байгаа энэ муу чөтгөр нэг л өдөр хуурна даа!” хэмээн айлдсан. “Шинэ сахиус” гэж Цамба, Бэгз, Лхам сахиусыг хэлээгүй. Учир нь VI Ванчин Богд Балдан-Иш Цамба сахиусны тахилын уншлага олныг зохиож байсан. Бэгз сахиусны хувьд Жовучингарав бурхантай (Жанрайсиг Бурхан) нэг мөн чанартай хэмээн үзэж Анхдугаар Далай Ламын үеэс шүтэж ирсэн. Тиймээс “шинэ сахиус” гэж Шүгдэнг хэлсэн хэрэг. Ёнзон Ишжанцангийн айлдварыг харвал VII Ванчин Богд Данбийнямын үеэс Дашлхүнбэ хийдэд Шүгдэнг шүтэх болсон нь тодорхой. Дэчин Агваанчогдонгийн айлдварыг харвал Гандан хийдэд бүр өмнө нь шүтэж эхэлсэн байдаг. Дэчин Агваанчогдонгийн намтарт: “Шүгдэн гэдэг маш хортой чөтгөр хүнд бууснаар шалтаглан хийх юмаа олж ядсан лам, хувилгаад хийд орондоо тахин Жанзэ ууланд (Шүгдэнгийн) сүм босгосныг зохисгүй гэж үзээд, <<Богд Зонховын үед ч Гандан хийдэд ертөнцийн эгэл тэнгэр, буг сэлтийг шүтэх журам байгаагүй. Хойшид ч гэсэн энэ мэт бугийг шүтэж болохгүй>> хэмээн хурлын дунд айлдаж, Жанзэ уулан дахь Шүгдэнгийн сүмийг нураалган чулууг нь чулуунд, шороог шороонд ялгасан” хэмээн өгүүлдэг. Түүнчлэн Пүржог Агваанжамба “Гандангийн Гарчиг” номондоо: “Богд Зонхов, өөрийг нь багаас нь сахидаг байсан нутгийнхаа савдаг Мачинг хүртэл хийдийн гадна байлгадаг байсан. Гэтэл одоо цагт лам хувцас өмсөж, өөрийгөө Богд Зонховын шавь хэмээн хөөрөмшсөн зарим нэгэн муу чөтгөр Дорж Шүгдэнд аврал одуулж байна. Тэдгээр хүмүүст хүсээгүй зүйл тохиолдоно” гэж бичсэн байдаг. Эндээс үзвэл Гүнтан Ринбүүчий:
Одоо цагт Богд Ламын шашин ариун байгаа ч
Цөвт мунхгийн тоосоор бүрхэгдсэн
Олон буруу буяны садан нугууд
Хүмүүсийг аймшигт халил газарт хөтөлнө хэмээн Шүгдэнгийн тухай айлдсан ч байж болох юм. Урьдын түүхтэй холбоод сайн шинжилж үзвэл энэ бүхэн тодорхой болно.
Павонка Ринбүүчий нас сүүдэр дээр гараад Шүгдэнг шүтэж эхэлсэн байдаг. “Павонка Ринбүүчий залуудаа Чүсан ууланд Дамдин-Янсан Бурханы бясалгалд сууж, улаан үрэл олныг хийдэг байсан” тухай Тижан Ринбүүчий надад айлдаж байсан. Шүгдэнг шүтэж эхэлснээсээ хойш “Дамдин-Янсан Нинмавын Бурхан тул Богд Ламын чуулганы орны дотор зурах нь зохисгүй” гэж таалдаг болсон нь Павонка Ринбүүчийн намтарт тодорхой гардаг. Павонка Ринбүүчий залуудаа Төвдөд дэлгэрсэн Бурханы шашны бүх урсгалыг ялгалгүй анхааран авдаг байсан төдийгүй Нинмавын шашны “Агуу Нууц” (Санва Жажин) номыг үздэг байсан. Түүгээр ч үл барам дан ганц Нинмавын ном болох “Хүслийг Хангагч Сайн Бумба” (Доджой Бумсан)-г судлах бодолтой байсан гэдэг. Гэвч энэ үед Павонка Ринбүүчийд Шүгдэнгийн ёр гарсан тухай “Пагод Ламын Шаллүн” номд тодорхой өгүүлдэг. Ринбүүчий Шүгдэнг шүтэж эхэлснээсээ хойш Нинмавын шашныг цээрлэдэг болсон. XIII Далай Лам Павонка Ринбүүчийг анх ном эрдэмтэй хүн хэмээн ихэд таалдаг байсан. Тэр үед Мэрү хийдэд Богд Ламын суудалд сууж буй Гандан ширээт лам л айлддаг байсан хаврын номыг Павонка Ринбүүчийгээр айлдуулах гэхчлэн ихэд хүндэлдэг байв. Харин нас дээр гарсан хойно нь зэмлэх болсон. Үүнийг зарим нь атаархсандаа гэдэг ч үнэн хэрэгтээ Шүгдэнг шүтсэн учраас ингэх болсон юм. Шүгдэнг шүтсэн нь Павонка Ринбүүчийд тустай байгаагүй.
Зарим хүмүүс Павонка Ринбүүчий болон түүний шавь Тижан Ринбүүчий хоёрыг Шүгдэн шүтсэнээр нь шалтаглан “Шүгдэнг шүтсэн нь хоёр ламын зохиол үйлсийнх нь эрхэм байсан. Тиймээс Шүгдэнг шүтэх нь маш чухал” гэж ярьдаг. Энэ нь дэмий яриа юм. Павонка Ринбүүчийн зохиолуудыг уншвал тэрээр үнэхээр бодь мөрийн зэргийн их бясалгаач байсан гэдгийг мэдэх болно. Тижан Ринбүүчий багш маань ч мөн адил бодь мөрийн зэргийн эзэн хүн байсан. Би Тижан Ринбүүчий багшаараа бодь мөрийн зэргийн олон хөтөлбөр номыг заалгасан. Мөрийн зэргийг заах нь бусдаас үнэхээр онцгой. Илүүтэйгээр багш маань Дэмчиг Бурханы их бясалгаач байсан. Павонка Ринбүүчий болон Тижан Ринбүүчий хоёрын зохиол үйлсийн эрхэм нь бодь мөрийн зэрэг, Дэмчиг Бурханы бясалгал анхааран авлага байсан болохоос биш Шүгдэнг шүтсэн нь зохиол үйлсийн эрхэм байгаагүй юм шүү!
Би өмнө нь энэ тухай ярьж байсан. Дээдэс багш нарын зохиол үйлс нийт Бурханы шашны ёстой таарахгүй бол хэрхэн үйлдэх тухай Богд Зонхов бээр “Их Бодь Мөрийн Зэрэг” номдоо ийн айлдсан байдаг: “Орхигдохууныг гол номтой тулган үз. Гол номыг хэзээ ч бүү орхи”. Би энэ айлдварыг дагадаг. Зарим нэгний тусгай увидас гэсэнд огтхон ч гайхдаггүй. Нагаржунай болон Асанга нараас илүү увидас номд боловсорсон хэн байна? Тэдгээрийн заагаагүй увдисыг гаргаж ирвэл сайны ёр уу? Муугийн ёр уу? Бодох л хэрэгтэй. Увидас номын гарвал эцэстээ Бурхан Багшид тулдаг. Бурхан Багшаас илүү увдисыг заагч үгүй. Бурхан Багшийн айлдсан увдисаас өөр илүү эрхэм увидас үзүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Судар тарнийн утгыг амар хялбараар ухааруулах аргыг увидас гэдэг. Жишээлбэл Майдарын Гэгээний зохиосон “Илт Онохуйн Чимэг” шашдир нь судрын утгыг амар хялбараар ойлгуулдаг тул увидас юм. Хэрвээ судар, тарнийн утгаас өөр зүйлийг заасан бол түүнийг увидас гэхгүй.
Шүгдэнг хэн хэзээ шарын шашны сахиус гэж нэрлэв? Эрдэм чадал олсон дээдэс нараас хэн нь хэдий үед Шүгдэнг шарын шашны сахиусанд тушаав? Шинжлэх хэрэгтэй. Павонка Ринбүүчий лав тушаагаагүй. Өөр дээр нь улаан гараа далайн ирэхэд эмээн, судалж байсан номоо (Нинмавын ном болох “Хүслийг Хангагч Сайн бумба” /Доджой Бумсан/) орхисон нь яав ч сайн хэрэг биш. Рижаа Ринбүүчийн урьд дүр Шүгдэнг хүчтэй шүтдэг байсан. Тэр үед би ч гэсэн шүтдэг байсан. Ринбүүчий нэг удаа надад Шүгдэнгийн тухай уулга алдан: “Энэ сахиус бусдаас нэг л өөр. Хувилгаад, гэвш нарын дундаас аль сайнууд нь шүтэх юм” гэж хэлж байсан. Сүүлд Лавран хийд Шүгдэнг шүтэхээ больсноос хойно, хийдийн чанзав ламаас “Рижаа Ринбүүчий багадаа Шүгдэнгийн хорлолоос болж өвдөөд, айсандаа шүтдэг болсныг” мэдэж билээ. Үнэхээр арга мухардсан хэрэг. Ертөнцийн тэнгэр зэргийг сүрээр дарж, дуудан ирүүлээд, ам өчгийг нь авч шашны сахиус болгон тушаадаг болохоос биш түүнээсээ айж сүрдээд номын сахиус гэж шүтэж болох уу даа?
Шүгдэнг Богд Ламын шашны сахиус гэж хэн хэдийд тушаав? Богд Ламын суудалд сууж байсан Гандан ширээт лам нар тушаагаагүй, өмнөх дүрийн Далай Лам нар болон Ванчин Богд нар тушаагаагүй, доод Амдугийн Дашчэлин хийдийн Гүнчэн Ламын дүрүүд ч тушаагаагүй, Гүмбүм хийдийн Донхор хувилгаад ч тушаагаагүй. Миний ах Дагцэр Ринбүүчий Гүнбүм хийдийн хамба ламаар олон жил суухдаа Шүгдэн гэдэг нэрийг ч сонсоогүй гэж хэлж байсан. Ямартай ч Шүгдэнгийн гарал ариун бус, анхнаасаа шашны сахиус гэж гарч ирээгүй нь тодорхой.
Тижан Ринбүүчийн тухай нэг түүх өгүүлье. Үүнийг Тижан Ринбүүчий багш өөрөө надад айлдсан юм. Гармаба Ринбүүчийн урьд дүр, Тижан Ринбүүчий хоёр дотнын нөхөд байсан. Нэгэн удаа Тижан Ринбүүчийн өргөөнд Гармаба Ринбүүчий гэнэт морилон ирсэн юм. Гармабааг морилсны маргааш Тижан Ринбүүчий надад: “Өчигдөр Гармаба Ринбүүчий гэнэт морилоод намайг сандаргаад” гэж айлдахад нь би “Та яагаад сандарсан юм бэ?” гэж асуухад Тижан Ринбүүчий: “Өчигдөр би Шүгдэнг тахих гээд балин тахилаа бэлдчихсэн сууж байтал гэнэт <<Гармаба морилж байна>> гэхээр нь балин тахилаа хурдан хураах хэрэгтэй болоод. Учир нь Гармаба Ринбүүчий Шүгдэнг таалдаггүй” гэж айлдаж байсан. Ингээд бодоход шарын шашны сахиусаа Гаржүдбын хувилгаанаас нуусан нь арга мухардсан хэрэг. Нуух хэрэгтэй билүү? Шарын шашинд Зургаан Мутарт Махгал, Дамжан-Чойжал зэрэг сахиусууд байдаг. Гармабааг морилох үед Зургаан Мутарт Махгалыг тахиж байсан бол хамтдаа суугаад магтаал сэржмийг нь унших байсан.
Гармаба Дамжан-Чойжал сахиусыг таалдаг байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Дамжан-Чойжал сахиусыг “адгуусан толгойтой” гэж муулсан Нинмавын шүтлэгтний тухай дээр үеийн түүх байдаг: Ямандагийн бясалгаач Ала Жигмэдсамданг нямба бүтээлээ хийж байхад Рэвгон нутгийн Жавуу хэмээгч бүтээлчин хараал хийсэн гэдэг. Ала Жигмэдсамдан Ямандагийн хатуу үйлээр хариулга үйлдсэнд Жавуугийн шавь зүүдэндээ “багш нь мориндоо мордох зуур малгайг нь хэрээ зуун нисэхийг” үзээд багшдаа зүүдээ айлтгасанд багш нь: “Шарын зүгээс хариулга хийсний шинж байна. Гэсэн ч миний сахиус Гүр Гомбыг бөхийлгөж чадахгүй. Адгуусан толгойтой сахиус намайг яаж дийлэх юм?” гэжээ. Удалгүй Рэвгоны Жавуу адгуусан толгойтой сахиусанд дэлсүүлж, цаг бусын үхлээр үхсэн гэдэг. Энэ түүхийг ярьснаараа би юуг хэлэх гэсэн бэ гэвэл, “Шарын шашинтан хэн ч бай өөрийн сахиусаа Гаржүдба, Нинмава, Сажава хэний ч өмнө үзүүлэхдээ нүүр бардам байх хэрэгтэйгээс биш ум хумгүй нуух нь ичгүүртэй хэрэг шүү!” гэж хэлэх гэсэн юм.
Павонка Ринбүүчий Шүгдэнг шүтэхийг дэлгэрүүлж байсан. Түүнчлэн Тижан Ринбүүчий, Сон Ринбүүчий нар ч дэлгэрүүлж байсан. Энэ нь Шарын шашинд тустай байгаагүй. Шүгдэн шүтэхийг дэлгэрүүлснээс хойш Үй, Зан, Хам нутагт Шарын шашныг муулагч, дургүй хүмүүс олон болсон. Иш, онолын шашныг номлол бүтээлийн үүднээс арвитгахад Шүгдэн ингэж, ингэж тусалсан гээд заачихмаар юу ч гараагүй. Хэрэв тустай зүйл гарсан бол Брайбүн хийдийн хувилгаан Дэнма Лочой Ринбүүчийн урьд дүр, Буяны садан Донбон зэрэг Богд Ламын шашныг номлол, бүтээлийн үүднээс баригч дээдсүүд Шүгдэнг сайшаах ёстой байсан. Гэтэл харин ч эсрэгээр Шүгдэнг шүтэхийг хориглож байсан. Мөн “Шүгдэнг шүтдэггүй лам нарын эрдэм ном суларч, сахил санваар доройтоод, Шүгдэнг шүтдэг лам нарын эрдэм ном дээшилж, сахил санваар ариун байсан” гэх түүх ч алга. Ямартай ч Павонка Ринбүүчий, Тижан Ринбүүчий хоёр Шүгдэнг шүтсэн нь алдаа байсан. Шүгдэнг шүтсэн нь Бурханы шашны нийтийн ёстой зохилдоогүй. Энэ алдаагаар нь шалтаглан хоёр Их багшийн Бурханы шашин хийгээд ялгамжаатай Богд Зонховын таалалтай зохилдсон бодь мөрийн зэрэг, нууц тарни, Дэмчиг, Хажидын номын аймгийг агуу ихээр номлон дэлгэрүүлж, тэтгэж байсныг “буруу байсан, алдаа байсан” гэж хэн эсэргүүцэж чадах. Хоёр Их багшийн зарлигийн ач үнэхээр их юм шүү!
Ловон Сэнгээсамбуугийн зохиол “Утгыг тодруулагч тайлбар” (Дэлва Донсэл) шашдирт: “Амьтны тусыг үйлдэгч Ловон Егнин өөрийн бодлыг гол болгож Илт Онохуйн Чимэг шашдрын утгыг Сэтгэл төдийтний үзлээр тайлбарласныг Хутагт Намдолдэ бээр буруу хэмээн үзэн Төв үзлийн ёсоор тайлбарласан” хэмээн өгүүлдэг. Хутагт Намдолдэ бээр Төв үзлээр л утга нь тайлагдах “Илт Онохуйн Чимэг” шашдрын утгыг Сэтгэл төдийтний үзэлд тохируулан тайлбарласан өөрийн багш Ловон Егнингийн тайлбарыг буруу гэж үзээд “Илт Онохуйн Чимэг” шашдрын утгыг Төв үзлийн ёсоор сайтар тайлбарласан. Үүгээр шалтаглан Хутагт Намдолдээг багшийг шүтэх ёсондоо алдаа гаргасан гэж хэлж болох уу? Хутагт Намдолдэ өөрийн багш Егнингээ хүндлээгүй гэж хэлж болох уу? Түүнчлэн Адиша Богд төв үзэлтэн хэдий ч өөрийн язгуурын багш сэтгэл төдийтний үзэлтэй Сэрлинбааг шүтэн байж бодийн дээд сэтгэлийг таалалдаа үүсгэсэн. Сэрлинба “Чиний төв үзэл баримталдаг чинь буруу шүү” хэмээн айлдах бүрд Адиша Богдын төв үзэл улам бүр батжиж байсан гэдэг. Шалгадаг ухаанд мэргэн Ловон Чоглан, түүний шавь Ловон Ванчүгдэ, түүний шавь Ловон Чойдаг. Ловон Чоглангийн зохиол “Шалгадаг бүхнээс хураахуй” (Цадма Гүнлэй Дүйба) хэмээх шашдрыг Ловон Чойдаг гурвантаа сонсоод өөрийн багш Ловон Ванчүгдэгийн шалгадаг ухааны талаарх үзэл баримтлал буруу болохыг болгоож, зохиосон номлолд нь шүүмж зохиол бичсэн байдаг. Эдгээр мэргэд Бурханы шашныг хиргүй ариунаар хадгалж чадсан юм. Тиймээс өөрийн багш байсан ч хамаагүй Бурханы шашны таалалтай зохилдохгүй номлол гаргавал засаж, залруулах хэрэгтэй. Шавынхаа хэмжээнд тааруулаад номлосон ч бай, хэргийн тухайд номлосон ч бай ялгаагүй, буруу л номлол бол засаж, залруулдаг нь мэргэдийн авир ёс. Тэгж байж л Бурханы шашныг доройтуулалгүй хадгалж үлддэг.
Гүнтан Ринбүүчий бээр:
Аяа, Шарын шашин үүний
Цог учрал ихэд арвидсан ч
Номлол, бүтээл багассаныг бодохоор
Зүрхний угаас уйтгар төрнө.
Эдүгээ цагт гүн дэлгэр номын утгыг
Эндүүрэлгүй сайтар номлогч ховор ч
Эндүүрлээс хагацсан таны зарлигийн ботиуд
Энэлгээг арилган сэтгэлийг сэргээх өглөгийн дээд” хэмээн айлдсан байдаг. Богд Зонхов бээр алжаал бэрхшээлийг үл хайхран, туйлшралын халилд уналгүйгээр сонсох, санах, бясалгах гурвыг үйлдэн байж Бурхан Багшийн тааллын утгыг эндүүрэлгүйгээр болгоосон. Ямар мэт болгоосноо шалгадаг ухаанаар нотлон буулгаад номлосон номлолыг нь бид нар л үзэхгүй байгаа болохоос биш сурвал сурч болохоор, утгыг нь санавал санаж болохоор, дадуулан бясалгавал бясалгаж болохоор номлосон номлол нь үнэхээр энэлгээг арилган, сэтгэлийг сэргээх өглөгийн дээд гэлтэй.
Кансар Доржчан жил бүрийн өвөл Жагсам ууланд морилж, Богд Зонховын бүх зохиол бүтээлүүдийг нягтлан үздэг байсан гэдэг. Үнэхээр биширмээр. Бид нар Богд Зонховын зохиол бүтээлүүдээс ганц хоёрыг үздэг болохоос биш бүгдийг нь үзэж, судалдаггүй. Миний хувьд бүгдийг нь унших боломж ганц л удаа гарч байсан. Дахин бүгдийг нь унших боломж гараагүй. “Богд Зонховын 18 боть зохиолын эзэн нь байж чадвал Шарын шашны эзэн нь болж чадна” гэж би үргэлж хэлдэг.
Брайбүн хийдийн Буяны их садан Донбон хийддээ Жодын номыг хориглож байсныг би зөв гэж боддог. Тэр үед Жодын номд суралцсан түүний зарим шавь нарт тус эрдэм гарч байсан. Жодын ном нь билэг брамидийн анхааран авлага ч мөн. Тус эрдэм нь ч санаанд багташгүй. Миний багш Лин Ринбүүчий Павонка Ринбүүчийгээс Жодын номыг сонссон боловч чухам ямар номын хөтөлбөрөөр сонссоноо мартсан байсан тул надад дамжлагыг нь хайрлаагүй юм. “Жод нь гайхамшигтай ном мөн боловч, тэр үед Брайбүн хийдэд Жодын номын ая дан, хонх дамар хаа сайгүй дуугараад ном үзэхэд саадтай болсон тул Донбон Багш хийддээ Жодын номыг хориглосон.” хэмээн Брайбүн хийдийн багш Нямаа хэлж байсан. Энэ нь ч цаана учиртай. Шарын шашинтан хүн Богд Зонховын 18 боть зохиолыг орхиод өөр увидас хайхын хэрэг байхгүй. Дээр үед Шарын шашинтан дотор, тодруулбал Жүмэ хийдийн зарим хуврагууд Сандуй, Дэмчиг, Жигжид гурвын зан үйлд суралцаад бурхан болох нууц мөрийн тухай ойлголт авч чадалгүй Хажидын номыг голлон үзэх болсон гэдэг. Хажидын ном чухал уу гэвэл чухал. Гэсэн хэдий ч Бурханы шашны аньс, шим бүхнийг хураасан Богд Зонховын 18 боть бидний амин зүрх мөн тул тэдгээрийг аль чадахаараа сонсож, санаж, бясалгах нь чухал. Би үүнийг урьд нь ч хэлж байсан. Одоо ч гэсэн хэлье.
Би өнгөрсөн 300 гаруй жилийн түүхийг судлаад Шүгдэнг шүтэж болохгүйн учир шалтгааныг мэдсэн. Улмаар Шүгдэнг шүтэхийг хориглосон. Зарим хүмүүс “Далай Багшийн зарлигийг дагах хэрэгтэй”, “Далай багшийн зарлигийг ёсчлон биелүүлэх хэрэгтэй” гэж ярьдаг. Далай ламын зарлигийг ёсчлон биелүүлэхгүй бол дээрээс сэлэм бууж ирэх юм шиг хандаж хэрхэвч болохгүй. Ардчилсан нийгмийн үзэл баримтлалтай таарахгүй. Бурхан шашны үзэл баримтлалтай ч харшилна. Энэ асуудалд хандахдаа шударга байх хэрэгтэй. Яагаад, юуны учир Далай Лам Шүгдэнг шүтэхийг хориглов? Цаад учир шалтгааныг нь судалж мэдэх хэрэгтэй. Тижан Ринбүүчий болон Сон Ринбүүчийг нэг талд нь тавиад, Шүгдэнг шүтэхийг хориглож байсан Пүржог Агваанжамба, Дэчин Агваанчогдон, Жанжаа Ролбийдорж, Ёнзон Ишжанцан, XIII Далай Лам нарыг нөгөө талд нь тавиад энэ асуудлыг нягтлан шинжлэх хэрэгтэй. Эргэлзэж тээнэгэлзээд яавал ч яаг гээд зөнд нь орхиж болохгүй.
Павонка Ринбүүчийн язгуурын багш Дагбу Лама Ринбүүчий Жамбаллхүндэвжамц Шүгдэнд сэржим мэтийг өргөдөг байсан ч чухалчлан шүтдэггүй байсан. Түүний нутагт баруун зүүн гэж нэрлэгддэг хоёр хийд байсны нэг нь Шүгдэнг тахидаг, Дагбу Лама Ринбүүчийн өөрийнх нь суудаг нөгөө хийдэд Шүгдэнг тахидаггүй байсан. Тэр үед Дагбу Ламын хийдэд Шүгдэнг тахих тухай яриа гарахад Ринбүүчий өөрөө: “Шүгдэнг хийдийн дотор байлгаж болохгүй” гэж айлдаад хийддээ тахиулаагүй гэдэг.
Нэг удаа би Найчүн сахиуснаас “Дагпү Доржчан өөрийн амиа Шүгдэнд өргөхөд арилсан үзэгдэл үзэгдсэн гэдэг нь үнэн юм болов уу?” гэж асуухад Найчүн сахиус: “Багш болон Ядам Бурхадын адистидаар үзэгдэх арилсан үзэгдэл болон хорлол, барцад саадын эрхээр үзэгдэх арилсан үзэгдэл гэж хоёр байдаг. Дагпү Доржчанд хорлолын эрхээр арилсан үзэгдэл үзэгдсэн байх” гэж хариулсан. “Дагпү Доржчангийн шавь нартаа айлдсан номон дотор бөөгийн хэсэг ном байсныг Павонка Ринбүүчий зохиолуудыг нь шүүж байхдаа ялгасан гэж Лин Ринбүүчий надад айлдаж байсан. Ингээд бодохоор Дагпү Доржчанд хорлол, барцдын эрхээр арилсан үзэгдэл үзэгдсэн гэдэг нь бараг тодорхой юм.
Эдгээр учир шалтгаануудыг сайн шинжлэх хэрэгтэй. 300 гаруй жилийн түүхтэй Төвдийн засгийн газар Гандан-Потаны тухай ярихаа больё. Төвдөд дэлгэрсэн Бурханы шашны урсгал бүрийг алагчаалалгүй анхааран авдаг байсан V Далай Лам Шүгдэнгийн гарлын тухай хэрхэн бичиж байсныг ч ярихаа больё. Богд Түвхан Гэлэгжамцын шавь нарын эрхэм, мөрийн зэргийн номлол бүтээлийн эзэн, эрдэм чадал нь санаанд багташгүй Пүржог Агваанжамба болон Богд Ламын шашныг баригч дээд төрөлхтөн Дэчин Агваанчогдон нар Шүгдэнгийн тухай ямар айлдвар айлдаж, ямар зарлиг гаргаж байсныг мэдэхэд л бүх зүйл тодорхой болно.
Та нар сонссон байх. Зарим хүмүүс “Далай Лам Шүгдэнг шүтэхийг хорьсноороо шашин шүтэх эрхийг хязгаарлаж байна” гэж хэлдэг. Үүнтэй холбогдуулан өөрт тохиолдож байсан нэг явдлыг яръя. Би Күнү Лама Данзанжанцангийн зохиол “Бодь сэтгэлийн магтаал”-ыг уншаад өөрийн эрхгүй сүжиг төрж, Күнү Лама Ринбүүчийгээс “Бодь сэтгэлийн магтаал” номынх нь эш хөтөлбөрийг сонссон. Мөн үүнээс өөр 13 номлолийн эш хөтөлбөрийг урьд нь Лин Ринбүүчийгээр хөтлүүлж байснаасаа үргэлжлүүлэн Куну Лама Ринбүүчийгээр заалгасан. Тэр үед Лин Ринбүүчийд “Куну Лама Ринбүүчийгээр Нинмавын дамжлагын “Тантрын нууц шим” номыг заалгах хүсэлтэйгээ” айлтгахад Лин Ринбүүчий: “Олон яриа гарах тул заалгаагүй нь дээр байх” гэж айлдсан. Нинмавын номыг сонсвол надад Шүгдэнгийн хорлол ирнэ гэж эмээсэндээ Лин Ринбүүчий тэгж айлдсан юм. “Тантрын нууц шим” нь Бүдон Ринбүүчийн хянасан ганжуурийн “За”, “Ва”, “Ша” ботиудад байдаг тантрын шилмэл номлолуудын нэг юм. Ийм номыг сонсох хүсэлтэй байхад минь Лин Ринбүүчий “Олон яриа гарах тул заалгаагүй нь дээр байх” гэж айлдсан нь Шүгдэнгээс болсон хэрэг. Миний шашин шүтэх эрхийг Шүгдэн ингэж булааж байсан юм.
Тэр үеэс хойш би Шүгдэнг шүтэж болох уу, болохгүй юу гэдгийг удаан хугацааны турш шинжилсэн. Эцэст нь гурилаар шинжиж үзээд (мэргэлээд) шүтэхээ больсон. Түүнээс хойш би Төвдөд дэлгэрсэн Бурханы шашны олон урсгалын номыг чөлөөтэй судлах эрхтэй болсон. Гурилаар шинждэг тухай та нар дуулсан байх. V Далай Лам таалал барах гээд амьсгаа нь тасарсан байх үед Дэсрид Санжайжамц өмнө нь мөргөн: “Поталын ордныг барьж гүйцээгүй байна. Өөр шийдээгүй олон зүйл байна. Таныг таалал барчихвал би ганцаар юу хийж чадах?” хэмээн уйлан дуудахад V Далай Ламын тасраад байсан амьсгал сэргэж Дэсрид Санжайжамцад “Бага зэргийн хэргийг чи өөрийн ухаанаар шийд. Их хэргийг Балдан Лхамын хөргийн өмнө гурилаар шинжээд шийдэж бай.” хэмээн гэрээсэлсэн гэдэг. Тиймээс гурилаар шинжихийг их чухалчилдаг. Цаст Төвдийн орныг болгоогч Жанрайсиг Бурхан буюу Зуугийн гол шүтээний нэг Вадисамбуугийн дүрийг голд нь залаад урд нь II Далай Лам Гэндэнжамцын үеэс дамжигдаж ирсэн Балдан Лхамын хөргийг залдаг. Ингэж шинжихдээ би Лин Ринбүүчий багшаа залсан. Тэр үед Тижан Ринбүүчий багш маань Дарамсалаад байгаагүй. Байсан бол залах байсан. Найчүн сахиусыг ч мөн залсан. Лин Ринбүүчий багш маань миний аврал айлтгах орон болсон хүн. Вадисамбуу бол Цаст Төвдийг болгоогч Жанрайсигийн дүр. Балдан Лхам бол Далай Ламын эхтэй адил. Анхдугаар Далай Ламаас авахуулаад бүх Далай Лам нарын гол сахиус байсан. Найчүн сахиус бол Төвдийн засгийн газар Гандан-Потаны сахиус. Тэдгээрийн өмнө залбирал үйлдэн чухал хэрэг шийдэх болсноо айлтгаад шинжсэн. Дан ганц багшийнхаа өмнө биш, ганц сахиусны өмнө ч биш, Багш, Ядам, Номын сахиус бүгдийн өмнө шинжээд шийдсэн. Үүнээс хойш би Пүрэвийн авшиг зэрэг Нинмавын шашны олон номыг сонсох эрхтэй болсон. Бусдын шашин ном шүтэх эрхийг боогдуулж байсан Шүгдэнг шүтэхийг хориглосноороо би шашин шүтэх эрхээ жинхэнэ утгаар олсон юм.
“Шүгдэнг шүтэхийг хориглосон шийдвэр маань бусдын шашин ном шүтэх эрхийг хязгаарласан уу?” гэвэл, Шүгдэнг шүтэж буй хүмүүс буруу ерөөлийн эрхээр тангараг буруудсан буг чөтгөр шүтэж байгаа учраас энэ нь ямар ч шашин номын үйл болохгүй. Тиймээс шашин ном шүтэх эрхтэй огтхон ч хамаагүй. Шүгдэнг шүтэх нь буян номыг доройтуулах буруу номын үйл. Ертөнцийн эгэл тэнгэр, лус, савдаг, буг чөтгөрийг тахин шүтэх нь буян номын үйл огтхон ч биш. Бид нар Бурханы шашинтай хүмүүс. Бурхан, Ном, Хувраг гурвыг авралд барьдаг хүмүүс ертөнцийн эгэл тэнгэр зэргийг авралд барьж болохгүй. Хэрвээ ертөнцийн эгэл тэнгэр зэрэгт ажил үйлсээ даатгаж байгаа бол даатгаж болохуйц нэгэнд даатгах хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн, эрдэм чадлын оргилд хүрсэн дээд төрөлхтөн бээр ам өчгийг нь аваад номын сахиусанд тушаасан ертөнцийн тэнгэр сахиусанд үйлсээ даатгах хэрэгтэй болохоос биш буг чөтгөрт ажил үйлсээ даатгаад, тахиж шүтэх нь буян номын үйл огтхон ч биш. Эдгээрийг сайн бодвол Шүгдэнгийн тухай асуудал шашин ном шүтэх эрхтэй ямар ч холбоогүйг ойлгоно. Гэсэн хэдий ч мэдсээр байж үүнээс зөрөөд Шүгдэнг шүтэж байгаа бол би хориглохгүй. Энэ бол хувь хүний хэрэг. Ямар тэнгэр сахиус шүтэх нь хувь хүний хэрэг. Учирлаж хэлсээр байхад сонсохгүй, хилэнц уруу нүдээ аниад орж байгаа хүмүүст миний зүгээс хэлэх үг байхгүй. “Хэлэх үгээ хэлсэн. Сонсох сонсохгүй нь таны дур” гэж би үргэлж хэлдэг.
Магадгүй та нар дунд Шүгдэнгийн тухай сайн мэдэхгүй хүн байгаа байх. Далай Ламын нүүрийг харахаараа шүтдэггүй хүн шиг царайлж, санааныхаа мухарт шүтдэг хүн ч байж болох. Цаад учир шалтгааныг нь мэдэхгүй “Далай Багшийн айлдвар”, “Далай Ламын зарлиг” гэж ярих нь тэнэг хүний яриа шүү!
“Төвдийн шашны урсгалууд өөр өөрсдийн хурлаа хийхдээ бусад урсгалын төлөөллүүдийг урьж оролцуулж байвал сайн” гэж би хэдэн жилийн өмнөөс хэлж байсан. Үүний хэрэг тус нь ч гарч байна. Бидний хэнд нь ч гэсэн далд хуралдах учир байхгүй. Бүгд ил тод байж, сайжруулж, хөгжүүлэх хэрэгтэй зүйлээ хамтдаа зөвшилцөж шийдэж байх хэрэгтэй. Анхдугаар хурал дээр зарим нэг хүн “Төвдөд дэлгэрсэн Бурханы шашны урсгалуудыг нэгтгэж Шарын шашны гэсэн нэг урсгал болгох хэрэгтэй” гэж ярьж байсан. Түүнчлэн Төвдөөс Энэтхэгт цагаачилж ирсэн хүмүүсийн ихэнх нь Үй-Зан аймгийнхан. Амду болон Хам нутгаас цөөхөн хүн байдгаас болж цөөнх нь олонхдоо дургүйцдэг явдал гардаг. Шашин төрийн ямар ч хурал байсан ил тодоор хуралдаж, асуудлаа шийдэж байх нь чухал. Өнөөдрийн энэ хурал дээр бусад урсгалуудын төлөөллүүд ирсэнд би маш их баяртай байна. Та нар хэд хоног энэ хурлын үйл явцыг ажиглаж, гэрчээр суувал сайн байна.

Төвд хэлнээс орчуулсан Ж.Дамдинсүрэн.

Шүгдэн гэж юу вэ? (Тангаргийн буг Шүгдэнгийн гарал)


Алтан Хааны зээ хүү IV Далай Лам Ёндонжамц 1601 онд Төвдөд залагдан сууж байгаад 1616 онд тодорхой бус шалтгаанаар гэнэт таалал барсан юм. Түүнийг таалал барсны дараа Далай Лам болон Шарын шашныг эсэргүүцэгч, Төвдийн Зан аймгийн захирагч Дэсрид Пунцогнамжал (1613-1642 оны хооронд Төвдөд эрх мэдлээ тогтоож байсан) “IV Далай Ламын хойд дүрийг тодруулж болохгүй” хэмээн хориг тавьж байв. Үүнийг мэдсэн Алтан Хааны удмын Гүр Хунтайж болон Лувсанданзан нар 2000 цэрэг захиран 1621 онд Төвдийн Үй-Занд ирж Сономравданг (хожим V Далай Ламын туслах болсон) дэмжиж, Шарын шашныг устгах бодолтой байсан Дэсрид Пунцогнамжалд дарамт шахалт үзүүлэн, түүний гарт орсон Шарын шашны хийдүүдийг чөлөөлсөн гэдэг. Тэд IV Ванчин Богд Лувсанчойжижанцантай (1567-1662) IV Далай Ламын хойд дүрийг тодруулахаар зөвшилцсөнөөс хойш нэг жилийн дараа V Далай Лам Лувсанжамцыг тодруулж сэнтийд залсан билээ.
IV Далай Ламын хойд дүрийг хайх явцад дөрвөн хүүгийн нэр сүүлийн шалгуурт үлдсэн нь Нянбуу нутгийн Дүвчин Нахавын хувилгаан, Чонжай нутгийн хүү (V Далай Лам Лувсанжамц), Гадхаса хошууны Дагважанцан, Сономравдангийн зээ хүү Нансо-Норвуу нар байв. Ванчин Богд болон Ядам Бурхадын таалал нэг зүгт буун Чонжай нутгийн хүүг V дүрийн Далай Ламаар тодруулжээ.
Энд өгүүлж буй Гадхаса хошууны Дагважанцан нь тангаргийн буг Должал буюу Шүгдэнгийн өмнөх төрөл юм. Тэрээр 1619 онд Төвдийн Зан аймгийн Гадхаса хошуунд төржээ. Эцэг Намсрай нь нутаг усандаа эрх мэдэлтэй хошууны ноён хүн байв. Түүний эх Ла-Ажал башир арга хэрэглэн Дэсрид Пунцогнамжалын дэмжлэгтэйгээр өөрийн хүү Дагважанцангийн нэрийг Далай Ламын дүрийг тодруулах явцад шигшигдэж үлдсэн хүүхдүүдийн нэрэнд хавчуулж чадсан ч энэ зорилго нь бүтээгүйн дээр түүний гэр бүл Дэсрид Пунцогнамжалын талынх тул монголчуудад түйвээгдсэн гэдэг. Ийнхүү Далай Лам болж чадаагүй хүүгээ ээж нь Брайбүн хийдэд авчран Банчэн Сономгэлэгбалсангийн (1594-1615) хойд дүр хэмээн олонд ярьж, башир арга хэрэглэн нэлээдгүй хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлж, Брайбүн хийдийн дээд өргөөнд (Хувилгаан Сономгэлэгбалсангийн өргөө) залуулж чаджээ. IV Ванчин Богд Лувсанчойжижанцан Дагважанцанг өөрийн багш Банчин Сономдагвын (Банчин Сономгэлэгбалсангийн өмнөх төрөл) хойд дүр хэмээн зуун хувь хүлээн зөвшөөрдөггүй байсан гэдэг. Дагважанцан өөрийгөө эртний төвдийн дээд төрөлхтөн Бүдон Ринбүүчий болон Шалү Лозова нарын хойд дүр хэмээн үзэж өөртөө Ванчин Богд болон V Далай Лам нараар өндөр дээд төрөлхтөн нарт зориулж тусгайлан зохиодог төрөл дарааллын залбирлыг зохиолгох хүсэлтэй байсан ч энэ хүсэл нь биелээгүй юм. Мөн тэрээр Шарын шашны дайсан Дэсрид Пунцогнамжалыг ил далдгүй дэмждэг байсан бөгөөд үүний нэг илрэл нь Дэсрид Пунцогнамжалын хүсэлтээр 1638 онд Гадхаса хошуунд очиж Төвдөд буй монголчуудыг дарахын тулд нууцаар хатуу үйл үлдэж байв. Энэ нууц хэрэг задарснаас болж монголчууд Гадхаса хошууг дахин түйвээсэн гэдэг.
Дагважанцангийн хийж буй энэ мэт үйлдлүүд IV Ванчин Богд тэргүүтэй Шарын шашны ихэс дээдэс нарын таалалд нийцдэггүй байв. IV Ванчин Богд 1642 оны Лхасын “Их Ерөөл” хурлын үеэр түүнийг хувилгааны сэнтийнээс буулган энгийн ламын суудалд суулгах шийдвэр гаргаж байв. Түүнийг хувилгааны сэнтийнээс буулгах шийдвэр гарсан тэр жил Монголын Гүүш Хаан Дэсрид Пунцогнамжалын төрийг унаган, V Далай Лам Лувсанжамцад Төвдийн гурван чуулгыг (Үй-зан, Амду, Хам) өргөн барьж, түүнийг бүх Төвдийн шашин төрийг хослон баригч эзэн хаанд өргөмжлөн, Далай Ламын өргөө Гандан-Потаныг Төвдийн засгийн газрын ордон болгосон түүхтэй.
Пунцогнамжалын нөмөр нөөлгөөс хагацсан хуурамч хувилгаан Дагважанцан шинээр байгуулагдсан Төвдийн засгийн газар Гандан-Потаны доор энгийн байдлаар амьдарч байгаад 1656 онд халдварт өвчнөөр өөд болов. Дагважанцанг хүндээр өвдөхөд V Далай Лам өөрийн шавь тул хөл хорьсон бясалгалаа орхин түүний өргөөнд морилж Гомбын жанан (даган соёрхол) хайрласан боловч засал авалгүй нас баржээ. Түүний биеийг чандарлан, чандрыг суваргад байрлуулсан шөнө суваргаас дүрсгүй ярих чимээ гарах зэргээр ад зэтгэр болсны шинж өлзий бусын олон муу ёр гарсан тул Найчүн сахиусын зарлиг дагуу Дагважанцангийн өргөөг нураалган, суурин дээр нь зуун гэлэнгээр ном уншуулж, суварган дахь чандрыг гарган голд хаяжээ. Дол нутгийн гол дагуу урсаж байсан түүний чандрыг үйл нь таарсан нэгэн бээр эрэгт гаргаснаас уршигдан Дол нутгийн Цагаан булагт хүн малын хижиг өвчин гарсныг V Далай Лам болгоон ад зэтгэр болсон түүнийг Цагаан булгийн савдаг болгон тахисан ч хорлол улам ихээр гарах болсон тул 1674 онд буруу ерөөлт тангаргийн буг түүнийг хатуу үйлээр дарахаар болж, Дорж Ловон Дондүвжамц, тарнийг баригч Лувсанчэнзэ зэрэг бүтээлчин нар Ямандаг болон Пүрэвийн үүднээс долоо хоног бүтээл үйлдэн ерөөл буруудсан тангаргийн буг Шүгдэнг нөхөд сэлттэй нь хамт жинсрэгийн галд шатаасанд хүүр шатсан үнэр бүгдэд үнэртсэн тухай V Далай Лам Лувсанжамцын намтар “Дүгүлийн Гой-сан”-д тодорхой гардаг.
Шүгдэн жинсрэгийн галд шатсанаасаа хойш 47 жилийн дараа буюу 1721 онд урьдын үйл, буруу ерөөлийн эрхээр дахин гарч ирэн өөрийн багшийн хийд болох Дашлхүнбэд ирсэнд Намсрай сахиус хийддээ оруулаагүй тул цааш Сажавын хийдийг зүглэн Сажавын дамжлагын эзэн Дагти Сономринчингийн өмнө ирсэнд Дагти Ринбүүчий: “Чи хэн юм?” хэмээн асуусанд дүрсээ үзүүлэн “Би Шарын шашинтай тангараг буруудсан буг байна” хэмээн хариулсан гэдэг. Энэ үеэс эхлэн буг чөтгөр түүнтэй үйлийн барилдлагатай Сажавын зарим нэгэн лам нар анхлан түүнийг шүтэж эхэлжээ. Улмаар тэдгээр лам нартай номын барилдлагатай Шарын шашны лам нар шүтэх болсон гэдэг. 
V Далай Лам Лувсанжамц, VI Ванчин Богд Балдан-Иш, VII Далай Лам Галсанжамц, Дэчин Агваанчогдон, Жанжаа Ролбийдорж, Туган Чойжиням, Ёнзон Ишжанцан, VIII Ванчин Богд Данбийванчүг, Пүржог Агваанжамба, XIII Далай Лам Түвдэнжамц зэрэг Шарын шашныг номлол бүтээлийн үүднээс баригч дээдэс нар 200 гаруй жилийн турш буруу ерөөлт тангаргийн буг Шүгдэнг шүтэхийг хориглосоор ирсэн билээ.
Хожим Павонка Ринбүүчийд Шүгдэнгийн ёр гарсны улмаас тангаргийн буг түүнийг сахиусанд шүтэх болсон гэдэг. XIII Далай Лам Түвдэнжамц Павонка Ринбүүчийн энэ үйлдлийг хориглож “Шүгдэнг шүтэхгүй” гэсэн ам тангаргийг нь авсан ч Павонка Ринбүүчий XIII Далай Ламыг таалал барснаас хойш Шарын шашинтан нарын дунд Шүгдэнг шүтэхийг ихээр дэлгэрүүлсэн юм.
1960 онд Найчүн сахиус Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламд “Шүгдэнг шүтэхийг хориглох хэрэгтэй” хэмээн айлтгаж байсан ч Дээрхийн Гэгээнтэн Шарын шашинтан нарын дунд хагарал гарахаас эмээж Шүгдэнг шүтэхийг хориглоогүй гэдэг. Үүнээс хойш 10 жилийн дараа Шүгдэнг шүтэгч нар Бурханы шашинтан нарын дунд хагарал гаргах болсон тул Дээрхийн Гэгээнтэнд Ядам Бурхад, Балдан Лхам болон Найчүн сахиус нар “Шүгдэнг шүтэхийг хориглохыг” сануулан эш үзүүлсэн дагуу Дээрхийн Гэгээнтэн 1970 оноос хойш Шүгдэнг шүтэхийг хориглох болсон билээ.
Ж.Дамдинсүрэн.