Friday 30 January 2015

Хууран мэхлэгчид байсаар байсан. Цаашид ч байсаар байна.

Сүүлийн үед монголын зарим нэг лам нар Далай Лам болон IX Богдтой холбоотой ямар нэгэн буян номын арга хэмжээг эсэргүүцэх, үймүүлэх зэргээр зүй бусаар авирлаад улмаар ийм зүйл хийснийхээ төлөө БНХАУ-ын ЭСЯ-наас мөнгө төгрөг авдаг болсон тухай болон Хятадын ЭСЯ-ны ажилчидтай уулзалт зохион байгуулсан ба энэ үеэр цаадуул нь та нарт тусална, гэхдээ та хэд нэг толгойтой болох хэрэгтэй гэж ярьсан тухай учир мэдэх хүнээс сонсов. Мэдээж хятадууд Монголын Бурхан шашинд туслах гэдэг нэрийн дор үүнийгээ зохион байгуулдаг байх. Шашинг үгүйсгэдэг коммунист үзэл суртал бүхий Хятадын төр монголын бурханы шашинд туслахыг чин сэтгэлээсээ хүсэх нь юу л бол. Улс төрийн далд санаа агуулж байгаа нь гарцаагүй. Монголчууд л болсон хойно, иймэрхүү юман дээр хятадуудтай хүзүү сээрээ холбоод гүйх мухар сүсгийн бизнесмэн хэдэн араваараа байгаа нь ойлгомжтой.

Далай Ламыг европд айлчлахад БНХАУ-ын засгийн газраас шууд санхүүждаг Олон Улсын Шүгдэн Холбооноос (International Shugdeng Community) эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулдаг. Мөнгөтэй бол жагсаал цуглаан зохион байгуулахад амархан байдаг байх. Барууны шар толгойтууд дунд хэдэн евро атгуулчихад ганц хоёр цаг уриа лоозон бариад орличих хүмүүс олдолгүй яахав.

Өнгөрсөн жил монголд айлчилсан Тижан Ринбүүчийн хойд дүрийн хувилгаан (Далай Ламын ёнзин багш Тижан Ринбүүчийн хойд дүрийн төвд залуу) Америкт болохоор, "Далай Лам бол хуурамч" гэж хэлдэг мөртлөө монголд ирээд өөрийгөө "Далай Ламын багш Тижан Доржчаны хойд дүрийн хувилгаан" гэж танилциулуулж байв. Өөрийнх нь урьд дүрийн эрдэм чадалтай том лам өөрийн шавиа хуурамч Далай Лам гэж мэдээгүй байсныг мань хүн америкт болохоор залруулаад монголд болохоор залруулж хэлэхээс татгалзсан бололтой.

Хятадын засгийн газраас санхүүждаг Шүгдэнг шүтдэг төвд лам нар Далай Ламыг шарын шашныг сөнөөх ерөөлтэй төрсөн чөтгөр гэж ярьдаг. Түрүү жил Галааридын Цаг гэх нэвтрүүлэгт орохдоо Зава Дамдингийн хувилгаан гэгдэх монгол залуу (Сануулахад энэ залуу ТВ-ээр АПУ-гийн захирлыг сайн бод гэж загнаж алгадаад олонд танигдсан) "Далай Лам бол Шарын шашныг сөнөөх ерөөлтэй төрсөн" гэх санааг шууд хэлж байв. Тэрээр логикоор хөөж бодоход ч итгэмээргүй түүхийг санаанаасаа зохион ярьж байсан. Яаж ч бодсон, Алтан Хааны зээ хүү болж алтан урагт мэндэлсэн IV Далай Лам Ёндонжамцыг төвдөд таалал барахад хойд дүрийг нь тодруулахгүй байх шийдвэр гаргаад байсан Төвдийн Зан аймгийн хаан Пунцогнамжилын хүч нөлөөг монголчууд сулруулж, дараад улмаар V Далай Ламыг тодруулах ажлыг монголчууд өөрсдөө хийчихээд, улмаар хожим төвдийн улс төрийн эрх мэдлийг ч V Далай Ламд монголчууд авч өгсөн түүх цагаан дээр хараар бичсэн байсаар байтал "Монголчууд V Далай Ламыг биш Шүгдэнгийн урд төрөл Давгажанцан ламыг дэмждэг байсан" гээд итгэмээрүй сонин түүхийг санаасаа зохион ярьж байв.

Эцсийн эцэст хувь хүн өөрийн ухаанаар шинжилж судлаад үнэн мөнийг мэдэх нь хамгийн зөв сонголт байх. Хууран мэхлэгчид энэ ертөнц дээр байсаар ирсэн. Цаашид ч байсаар байх болно.

Ж.Дамдинсүрэн
31/01/2015