Friday 5 October 2012

2004 оны 1-р сарын 7-ний өдөр Дээрхийн Гэгээнтэн Энэтхэг дахь Ориссагийн төвд суурингийн иргэдэд Шүгдэнгийн тухай айлдсан айлдвар (бүрэн эхээрээ)



Сайн ажиглах юм бол Төвдийн нийгэмд Бурханы ном үйлдэж байна гээд тэнгэр, лус тахих явдал их дэлгэрсэн байдаг. Өвдөж зовох үедээ “тэнгэр хорлосон байна, лус хорлосон байна” гээд тэнгэр, лус тахидаг. Зарим үед өчүүхэн хорлож болох ч, өвдөх үедээ эм, эмчилгээг голлож, биеэ сайн тордох хэрэгтэй болохоос биш тэнгэр, лус тахиснаар тус болохгүй. Нөгөө талаас тэнгэр, лус тахих хэтэрвэл аврал одуулахуйн суртгаалтай харшилж нүгэл хураахаар үл барам чухаг дээд гуравт итгэх итгэлээ ч алдах гэмтэй. Ертөнцийн догшин тэнгэр, илүүтэйгээр ерөөл буруудсан тангаргийн буг Шүгдэн зэргийг тахиж шүтвэл энэ хойд нас болон өөр бусдыг гутамшигт хутгах муу үйлийг хураана. Авах гээхийг эндүүрэлгүйгээр тайлбарлаж таниулах нь миний үүрэг. Сонсох сонсохгүй нь хувь хүний хэрэг. Шүгдэнг шүтсэнээр Бурханы шавь нарын эе эв эвдэрч, өөр хоорондоо зохилдохгүй байдал үүсдэг. Бурхан Багш шавь нарынхаа оюуны төвшин, хүсэл зорилгод тааруулан ном сургаалаа харилцан адилгүй номлосон байдаг. Төвдөд дэлгэрсэн Бурханы шашны Нинмава, Гаржүдба, Сажава, Гэлүгба гэхчлэн бүх урсгалууд бүгдээрээ Бурхан Багшийн сургаал номыг дагадаг. Бүгдээрээ буддын шашны Их Хөлгөний номд сэтгэл итгэмжилж, төв үзлийг баримталж, судар тарнийн номыг хослуулан анхаарч авдгаараа ижил.
Шүгдэнг шүтэгчид танайх манайх хэмээн талцаж, хагарал үүсгэж байдгийг бид мэднэ. Нэлээн хэдэн жилийн өмнө “Төвдийн төр засаг Шарын шашныг л харж үзэхээс биш бусад урсгалуудыг тоодоггүй” гэсэн худал цуурхал гарч байсан. Мөн тэр үед нас дээр гарсан Гармаба Ринбүүчийн лагшин чилээрхэж таалал барахад “Төвдийн засгийн газраас хорлосон” гэх ор үндэсгүй цуурхал ч гарсан. Үүний өмнө Төвдийн Бурханы шашны урсгалуудын төлөөлөл, хутагт хувилгаад оролцож Дарамсалад хуралдсан хурлын дараа Дүджом Ринбүүчийг буцаж морилох үед нэгэн шавь нь Ринбүүчийд хандан “Сая хуралдсан хурлаас Төвдийн Бурханы шашны урсгалуудыг нэгтгэж бүгдийг нь Гэлүгба болгоно гэсэн шийдвэр гаргасан гэсэн. Энэ нь яав ч зөв шийдвэр биш” хэмээн айлтгаж байсан гэдэг. Мөн “Дарамсалагийн их шүхрийн орой хазайж” хэмээн намайг егөөдөж байв (инээв). Эдгээр яриаг Шүгдэнгийн нийгэмлэгээс гаргаж байсан нь хожим тодорхой болсон юм.
Ерөөл буруудсан тангаргийн буг Шүгдэнг шүтэх нь Төвдийн Бурханы шашны урсгалуудын эв түнжин эвдрэх, хагарал гарахын гол шалтгаан болдгийг Шүгдэнгийн нийгэмлэгээс гаргасан “Пагод Ламын Шаллүн” номоос тодорхой мэдэж болно. Энэ номд “Хэрэв Богд Ламын шашныг анхааран авч, биширч сүжиглэдэг нэгэн Нинмава гэхчлэн бусад урсгалын номыг анхааран авбал Шүгдэн сахиус амыг нь авна.” хэмээн хүмүүст айдас төрүүлэхээр олон жишээ бичсэн байдаг. Мөн тэр үед Дарамсалагийн зарим айлууд “Шүгдэнгийн хорлол ирж магадгүй” хэмээн эмээж, Ловон Бадамжунайн дүр болон түүний айлдсан “Баялаг Зарлигт Таван Аймаг” (Гатан-Дэна) номыг гадагш хаях явдал гарч байсан. Тэр үед надад Гадор дахь Нинмава болон Гаржүдбын хийдүүдэд зочилж номын барилдлага тогтоон, равнай өргөх боломж тохиосон юм. Намайг явсны дараа “Бидэнд Далай Ламаас ном сонсох сайхан хувь тохиолоо. Одоо түүний хойноос дагаж ирсэн муу чөтгөрийг гадагш гаргах хэрэгтэй” гэлцэн сан тавьж, арц уугуулж байсан гэдэг (инээв). Бутанчуудын дунд “Шарын шашны хувьд ярих юм байхгүй. Гэвч өнөө цагт Шарын шашныг муу чөтгөр дагадаг болсон” гэсэн ам дамжсан яриа байдаг.
Балбын Шарын шашны нэгэн хийдээс Нинмавын нэгэн лам нууц тарнийн Сандуй Бурханы талаарх номыг сурахад “Бидэнд Сандуйн талаар мэдэх юм байхгүй. Харин Хажидын номыг сайн мэднэ” гэсэн гэдэг. Богд Зонхов Сандуй Бурханы номын аймгийг ихэд чухалчилдаг байсан. Түүний шавь Шаравсэнгээ Сандуй Бурханы номын аймгийг судлах Жүд дацанг байгуулсан. “Жүдийнхэн сэрэхдээ ч Сандуй, унтахдаа ч Сандуйг анхааран авдаг” гэсэн яриа ч байдаг. Шарын шашны хийд Сандуйн талаар мэдэхгүй байна гэдэг өрөвдөлтэй хэрэг биш гэж үү?
Би анхлан Шарын шашны номд суралцсан. Нинмава, Гаржүдба тэргүүтэн бусад урсгалуудын эш, авшиг, увидас олныг хүртэж, алагчлалгүй анхааран авдаг. Энэ нь надад үнэхээр тустай байдаг. Өмнөх Далай Ламын дүрүүдийг авч үзвэл Анхдугаар дүрийн Далай Лам Гэндүндүв Бурханы шашны урсгалуудыг алагчлалгүй анхааран авдаг байсан. II Далай Лам Гэндэнжамц мөн алагчлалгүй анхааран авдаг байсан учраас “алагчилдаггүй шар малгайт Гэндэнжамц” гэгддэг байв. III Далай Лам Содномжамц ч ялгаагүй Төвдийн шашны урсгалуудыг алагчлалгүй анхааран авдаг байсан. V Далай Лам Лувсанжамц Гаржүдбын увидас номыг анхааран авдаг байсан эсэхийг мэдэхгүй ч, Сажава болон Нинмавын номыг маш ихээр анхааран авдаг байсан. Шүгдэнг шүтдэг хүмүүс “Шарын шашинтан хүн дан ганц Шарын шашны номоо анхааран авах хэрэгтэй” гэж үздэг бөгөөд “Бурханы шашны бусад урсгалыг анхааран авбал тангараг бузартана” хэмээн бусад урсгалуудтай эв түнжинтэй байх барилдлагыг холдуулдаг. Төвдийн Бурханы шашны урсгалууд өөр хоорондоо эвдрэлцэж, Бурханы шашинтан нар бие биендээ дайсагналцаж байсныг өнгөрсөн түүхээс мэдэж болно.
“Банчин Сономдагбын хойд дүр” хэмээн хуурамчаар тодорсон Дагважанцан V Далай Ламын байгуулсан засгийн газартай тэмцэлдэн буруу ерөөл тавьсны эрхээр хойд төрөлдөө тангараг буруудсан буг чөтгөр болсон юм. Ямартай ч Төвдийн засгийн газар Гандан-Потантай үл зохилдох тангарагтай буг гэдэг нь тодорхой. Надтай уулзаж учирч байсан Шүгдэнг шүтдэг хувилгаад, гэвш нар насныхаа эцэст өлзий бусын олон зүйлтэй учирч байсан. Өмнөх үеийн түүхийг судалж, сайн нягтлан үзвэл та бүхэн бодит байдлыг бусдаар тайлбарлуулах шаардлагагүйгээр мэдэж чадна.
Өөр нэг зүйлийг хэлэхэд, Шүгдэнг шүтэх шүтэхгүй нь хувь хүний хэрэг ч Төвдийн цагаачлалын засгийн газарт алба хашдаг, засаг захиргааны ажил хийдэг бол Шүгдэнг шүтдэггүй байх хэрэгтэй. Бүгдэд ажиглагддаг нэг зүйл бол Шүгдэнг шүтдэг хүмүүсийн зан авир маш хэрцгий болдог. Хэдэн жилийн өмнө Цанидын сургуулийн багшийг арван зургаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг мөрдөх үед алуурчид цустай хувцсаа орогнож байсан байшингийнхаа дээвэр дээр шатаасан ул мөр олдсон. Гэмт этгээдүүд Делигээс Балбаар дамжин хятадуудын тусламжтайгаар Төвд уруу гарсан байдаг. Одоо ч гэсэн Шүгдэнг шүтдэг нийгэмлэгийн зарим хүмүүс гадаад дотоод хаана ч явсан Төвдийн төр засгийг эсэргүүцдэг бөгөөд Энэтхэг дахь Төвдийн суурингуудын дарга болон ядарсан энгийн ард иргэдийг зодож нүдэх зэргээр бусармаг явдал гаргасаар байна. Саяхан гэхэд Гандан хийдийн умзад ламыг утсаар сүрдүүлж дарамталсан явдал гарсан.
Шүгдэнгийн нийгэмлэгээс гаргасан нэгэн товхимолд намайг “XIII Далай Ламын хойд дүр биш, өмнөх Далай Лам нар Хутагт Жанрайсигийн хувилгаад биш” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Миний нас 70 дөхөж байна. XIII Далай Ламын хойд дүр мөн үү, биш үү гэдэг нь надад чухал биш. Би өөрийгөө Төвдийн ард түмний эрх чөлөө, шашин төрийн тусын тулд аль чадахаараа зүтгэсэн гэж боддог. Намайг юу гэж хэлэх нь чухал биш. Шууд хэлэхэд Далай Ламыг сонгох уу, ерөөл буруудсан буг Шүгдэнг сонгох уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Хэрэв Шүгдэнг сонгож байгаа бол надтай номын барилдлага тогтоон гэлэн, гэцүлийн санваар хүртэх болон илүүтэйгээр нууц тарнийн авшиг хүртэж болохгүй. Багш шавийн тангараг ариун байх хэрэгтэй.

Төвд хэлнээс орчуулсан Ж.Дамдинсүрэн