Wednesday 31 October 2012

2005 оны 8-р сарын 16-ний өдөр Дээрхийн Гэгээнтэн Дели дахь Самялин хороололд Төвдөөс ирсэн цагаачидтай уулзах үедээ Шүгдэнгийн тухай айлдсан айлдвар

Төвдөөс шинээр цагаачилж ирсэн та бүхний дунд Шүгдэнг шүтдэг хэсэг лам нар байсан. Тэдний зарим нь “Шүгдэнг шүтэхгүй байж чадахгүй, үргэлжлүүлэн шүтнэ” гэдгээ илэрхийлээд тус тусынхаа хийд орон уруу явцгаасан. Ер нь би Шүгдэн шүтдэг хүмүүстэй уулздаггүй. Санаа бодол таарахгүйн дээр тангараг ариун бус тул надтай уулзаад хэрэг байхгүй. Та нар дунд зарим нэг нь урьд Шүгдэнг шүтэж байсан ч “цаашид шүтэхээ больё” гэж шийдсэн хүмүүс байгаа. Маш сайн байна.
Урьд нь би ч гэсэн сайн мэдэхгүй, бусдыг даган дуурайж Шүгдэнг шүтдэг байсан. Хожим надад эргэлзээ төрж Шүгдэнгийн тухай сайтар судлах шаардлага гарсан юм. Судалж үзээд шүтэхээ больсон. Үүний дараахан Гандан-Жанзэ дацанд өлзий бус олон муу ёр гарсан. Тэр үед Тижан Ринбүүчий багш маань амьд сэрүүн байсан. Энэ тухай Гандан-Жанзэ дацангийнхан Тижан Ринбүүчийд айлтгахад Ринбүүчий: “Гандан-Жанзэ дацангийн Лхам сахиус хилэгнэсэн байна. Тиймээс сахиусаа тахих хэрэгтэй” гэж айлсан.
Мөн Гандан-Жанзэ дацангийнхан надаас өлзий бус ёрыг буцаах ямар арга байгааг шинжиж өгөхийг хүссэн. Би ч энэ асуудлыг чухалчилж гурилаар шинжиж төлөг буулгасан. Гандан-Жанзэ дацанд гарч буй өлзий бусын ёр сахиус хилэгнэснээс болсон эсэхийг шинжихэд сахиус хилэгнэснээс болсон гэж буусан. Гандан-Жанзэ дацан Шүгдэнтэй барилдлагатай байсан. Лхам сахиус хилэгнэсэн нь үүнээс болсон эсэхийг шинжихэд Шүгдэнгээс болж хилэгнэсэн гэж буусан. Энэ цаг үеэс хойш би Шүгдэнг шүтэхийг хориглож эхэлсэн. Тэр үед зарим хүмүүс “Далай Лам түр зуур, хэргийн тухайд Шүгдэнг шүтэхийн хорьж байна”, “Нинмава нарт тал засахдаа Шүгдэнг шүтэхийг хориглож байна” гэх цуу яриаг төвдөд тарааж байсан. Би Шүгдэнг шүтэж болохгүйн учир шалтгааныг мэдээд хориглосноос биш улс төржөөд, эсвэл бусдад тал засах гэсэндээ хориглоогүй. Энэ шийдвэр маань үнэн учир шалтгаан дээр суурилсан гэж би зуун хувь баттай хэлж чадна. Цаашдаа ч Шүгдэнг шүтэхийг хориглосоор байна. Үүнээс болж Шүгдэнг тахиж шүтдэг хүмүүсийн зүгээс үймээн самуун гаргах болсон. Хүн алж зодож нүдэх гээд олон бэрх асуудал гарч байсан. Дели дахь Төвдийн Самялин хорооллын гудманд хүн зодож танхайрсан хэрэг хэд хэдэн удаа гарсан.
Өнгөрсөн 360 орчим жилийн турш энэ асуудал байсаар ирсэн. V Далай Лам Лувсанжамцын намтарт “Дол нутгийн Цагаан булагт ерөөл буруудсан тангаргийн буг хүч чадал маш ихтэй нэгэн бээр шашин амьтан нийт болон зарим нэгэнд хүчир хорлох нь гал тахиа жилээс улам ихсэж эгэл ард аврал айлтгах нь олон гарсан ба надад хорлол ирээгүй гэх нь ховор болоход Дол нутгийн Цагаан булагт шороон тахиа жилийн адагт шинэ сүм барьж, гажа тэргүүтэн үнэртний хаан, тогтоох шүтээн зэргийг өргөж аргадан тахисан ч хорлол нь улам арвижиж, хар шар олонд хижиг өвчин гарч, нэг хоёр лам нас барах зэрэг гай барцад гарснаас үүдэн хийдийн лам нар нэгэн зэрэг хатуу үйл үйлдье хэмээсэнд шүтээд Очирт Долоджийн Дорж Ловон аграмба Дондүвжамц, Янсан Гарма-Дагбуугийн Дорж Ловон тарнийг баригч Лувсанчэнзэ нарын үйлдсэн тоон таслалаар хоёр бүтээл, Дорж Брагийн Ригзин хувилгаан, Номун хаан Дэрдаглинба, Үг-Жалүнба лам, Бригүн Хувилгаан, Аари Гончоглхүндүв, Балри Хувилгаан нар Лама Дагбуу, Эрлэгийн Эзэн, Пүрэв, Логдри тэргүүтний үүднээс долоон хоног бүтээл хийсний эцэст жинсрэг цутган тангаргийн буг ад зэтгэр нөхөд сэлтийг шатаахад шинж тэмдэг гайхамшигтай машид олон гарсан бөгөөд хүүр шатсан үнэрийг бүгд мэдэрч сэтгэл итгэмжилсэн ба олон амьтныг айдсаас ангижруулснаар үл барам ад зэтгэр тэдгээрийн муу үйл нь улам дэлгэрч муу заяаны зовлон барагдашгүй ихийг амсах байснаас гэтэлгэж амгаланд байгуулав. Энэ үест тэдгээр ад зэтгэр өмөг түшгээсээ хагацсаныг гэрчлэх бичгийг зохиосон.” хэмээн өгүүлдэг. V Далай Ламын гадаад, дотоод, нууцын гэсэн зарлигийн гурван эмхтгэл байдаг бөгөөд тэр “гэрч бичиг” нууц зарлигийн “Да” боть доторх олон төрлийн сахиусны даатгал, магтаалын тухай бичсэн хэсгийн 148-р хуудсанд байдаг. Тэр бичигт “Гадхасагийн Ла-Ажалын хичээл зүтгэлээр хувилгаан Сономгэлэгбалсангийн хойд дүр хэмээн хуурамчаар тодорсон тэрбээр (эцэстээ) ерөөл буруудан тангаргийн буг болоод олон амьтанд хүчтэй ихээр хорлох болсонд Доржтаг Хувилгаан хийгээд...” хэмээсний Гадхаса гэдэг нь Дагважанцангийн төрсөн нутаг, Ла-Ажал гэдэг нь Дагважанцангийн ээж юм. Сономгэлэгбалсан бол Банчин Сономдагвын хойд дүрийн хувилгаан. Ла-Ажал нь их зальжин хүн байсан бөгөөд янз бүрийн башир аргаар өөрийн хүүг Банчин Сономгэлэгбалсангийн хойд дүр биш боловч хуурмагаар хойд дүрээр нь тодруулж чадсан учир хойд дүр хэмээн хуурамчаар тодорсон гэж бичжээ. Дагважанцан эцэстээ ерөөл буруудсан тангаргийн буг болоод олон амьтанд маш ихээр хорлол хийсэн. “Гэрч бичигт”:
“Зургаан мутарт Гонбо, Чойжоо, Лхам
Дөрвөн нүүрт Гонбо, Жамсран Бэгз тэргүүтэн
Тахиж шүтэн бүтээх тангарагт сахиус бүгдэд
Тансаг ундаан дээжийн тахил үүнийг өргөе
Дээд бус хуурмаг дээд Дагважанцан хэмээх
Буруу ерөөлт тангаргийн буг ад зэтгэр энэ бээр
Амьтан бүхэн болон шашинд хорлож үйлдвээс
Аварч өмөөрөн бүү зохио, үнсэн товорго болгогтун…” хэмээн олон сахиусны алдрыг дуудан өгүүлсэн байдаг.
V Далай Лам “Дагважанцанг ерөөл буруудсан тангаргийн буг болсон” гэж танин барьсан. XIII Далай Лам Шүгдэнг шүтэхийг маш хүчтэй хориглож байсан. Урьд XIII Далай Лам Брайбүн хийдийн тарнийн дуганд морилох үед дотор нь Шүгдэнгийн дүр байсныг зарлиг буулган гаргаж хаяхыг тушааж байсан түүхийг настай лам нар ярьдаг. Мөн XIII Далай Лам Павонка Ринбүүчийг Шүгдэнг шүтэж эхэлснээс нь хойш таалахаа больж, зэмлэл олныг хүртээж байсан тухай Павонка Ринбүүчийн бичээч Лувсандоржийн хэвлүүлсэн төвд барын намтарт нь тодорхой гардаг.
Ямартай ч миний хувьд Шүгдэнг шүтсэн нь алдаа байсан. Шүгдэнг шүтэхийг хориглосон маань харин алдаа биш. V Далай Лам “ерөөл буруудсан тангаргийн буг” хэмээн танин барьсан ад зэтгэрийг би шүтэж байсан. XIII Далай Лам “Хэрвээ шүтэх юм бол аврал одуулахуйн суртгаалтай харшилна” хэмээн хориглож байсан Шүгдэнг шүтсэн маань алдаа байсан юм. Винайн номд “Гэмээ гэмд үзэв үү?” гэхэд “Үзэв” гэж хариулдаг шиг би гэмээ гэм гэж үзээд шүтэхээ больсон. Төвдийн засгийн газар Гандан-Потаныг анх V Далай Лам үүсгэн байгуулсан. V Далай Ламтай тангараг буруудсан, Гандан-Потантай үл зохилдох бугийг гайхамшигтай гээд шүтэх нь шашин төрд хор болно уу гэхээс тус болохгүй. Тиймээс би Шүгдэнг шүтэхийг хориглосон юм.
Хоёр дахь шалтгаан нь Төвдийн Бурханы шашны урсгалуудыг би ялгаж үздэггүй. Сажава, Нинмава, Гаржүдба гээд бүгдэд нь л ялгалгүй сүжиглэж, бишрэнгүй ханддаг. Би Зөөлөн Итгэлт Богд Ламын (Богд Зонхов) гайхамшигтай номлолд шүтээд Бурханы Шашны номонд суралцсан. Мөн Бүхнийг айлдагч Лончэн Равжамба, Жигмэдлинба тэргүүтэн Нинмавын ихэс дээдсийн номлол, увидас дамжлагад суралцаж байсан. Энэ нь Бурханы номыг сэтгэлдээ дадуулахад маань ч тустай байсан. Нинмава зэрэг урсгалын номыг судалсан маань бусдад тал зассан хэрэг огтхон ч биш. Судар, тарни, төв үзэл, шүтэн барилдлагын тухай Богд Зонховоос илүү сайн номлол зохиосон хүнийг би мэдэхгүй. Богд Зонховын зохиосон номлолууд үнэхээр гайхамшигтай.
Ханьцашгүй дээд нууц тарнийн гэгээн очирт сэтгэл буюу язгуурын гэгээн гэрэл, Сандуйн номын аймагт өгүүлснээр бол бүхэн хоосорсон гэгээн гэрлийн номлолын тал дээр Гаржүдбын Махамутра болон ялангуяа Нинмавын Зогчэнгийн номд номлосон дагуу гэгээн гэрлийг ялган сэтгэлийг танин мэдэх нь Сандуйн номын аймагт номлосон бүхэн хоосорсон гэгээн гэрлийг нотлон буулгахаас илүү ойлголтыг өгдөг. Үүнийг ухаарснаар миний сэтгэлд сүжиг төрсөн. Нинмава, Гаржүдба, Сажава гээд бүгдийг нь алагчлалгүй анхааран авах болсон учир шалтгаан маань энэ юм.
Урьд төвдөд Бурханы шашны урсгал бүгдийг алагчлалгүй анхааран авдаг олон мэргэд, дээд төрөлхтөн нар гарч байсан. Мөн зөвхөн өөрийн уламжлал дамжлагаа илүүд үзэн бусдыг хориглодог хүмүүс ч олон гарсан. Мэргэд билэг ухаанаараа буруу номлолыг хоригловол тэр нь “Мэргэд мэргэдийн дундаа үзэсгэлэнтэй” гэдэг шиг учир утгатай хэрэг. Харин уур, шуналын сэтгэлд автаад бусдыгаа алагчлан гадуурхах нь үнэхээр гутамшигтай. Төвд үндэстэн ирээдүйд орших оршихгүй нь тодорхойгүй болсон энэ цаг үед шашны урсгалууд өөр хоорондоо эвтэй байх нь чухал. Би Энэтхэгт ирсэн цагаасаа эхлэн энэ тал дээр анхаарч ирсэн. Тэр үед Зэмэ Ринбүүчий надад их сайн байсан. Эрдэм номтой ч хүн. Гэвч тэрээр “Пагод Ламын Шаллүн” нэртэй ном зохиож, түүндээ “Засгийн газрын зарим нэг ажилтан болон Шарын шашны зарим хувилгаад Нинмавын ном үзсэний улмаас Шүгдэн сахиус хилэгнэж, эцэстээ амийг нь авсан” хэмээн янз бүрийн юм бичсэн байсан. Тэр үед үүнээс эмээж Дарамсалад Ловон Бадамжунайд буман тахил өргөх хуралд ани (эмэгтэй хувраг) нар ирээгүй юм. “Шүгдэнг шүтдэг бол зөвхөн Шарын шашинд л сүжиглэх хэрэгтэй. Бусад урсгалуудыг шүтэх нь хортой”, “Шарын шашинтан хүн Нинмавын номыг үзэх нь бүү хэл гэртээ ч хадгалж болохгүй. Хэрэв тэгвэл Шүгдэн сахиус хорлоно” гэх мэт яриа тэр үед гарч байсан. Нэгэн жишээ дурдахад Ориссагийн нэгэн айл “Шүгдэнгийн бумбыг гэртээ хадгалбал эд хөрөнгө арвижна” гэдэгт итгээд залахын тулд гэртээ байсан Ловон Бадамжунайн намтар “Бадмын Баялаг Зарлигт” (Бадма Га-тан) номыг өөр хүнд өгч байсан гэдэг.
Шүгдэнг шүтэх нь шашны урсгалуудын эв түнжинд хортой байдаг. Урьд Төвдийн олон мэргэд Шүгдэнг шүтэхийг хорьж байсан. Сажавын дотор Шүгдэн шүтдэг хүмүүс байдаг ч маш хүчтэй хориглодог. Нинмава болон Гаржүдба нар Шүгдэнг огтхон ч шүтдэггүй.
Шашны урсгал хоорондын эв эеийг эвдэж, хагарал гаргадаг учраас би Шүгдэнг шүтэхийг хориглодог. Хориглох болсон нэг учир шалтгаан нь энэ юм. Өөр нэг учир шалтгаан нь Төвдөд дэлгэрсэн Бурханы шашин гайхамшигтай ч, биднээс болоод тэнгэр, сахиус тахидаг зан үйл төдийхөн болж байна. Илүүтэйгээр Жалбуу Гүн-аа, Дэнма Жү-ни шиг Ловон Бадамжунайн үеэс шашны сахиусанд тушаагдаагүй, уг гарал ариун бус Шүгдэнг Бурхан Багш мэт шүтэх нь яав ч сайн зүйл биш.
Шүгдэнг 300 орчим жилийн өмнө анх Сажавын дотор тахиж эхэлсэн. Аажмаар Гэлүгба нарын дунд бага зэрэг шүтдэг болсон ч ихэнх нь шүтдэггүй байсан. Амду нутагт маш цөөхөн хүн шүтдэг. Гүмбүм болон Дашчэлин хийдүүдэд тахидаг гэж дуулаагүй. Үй-зан нутаг, Гандан, Брайбүн, Сэра хийдэд өмнө шүтэж байгаагүй. Хийдүүдийн ганц нэг аймагт л тахидаг байсан. Анх гарсан цагаасаа хойш шашны сахиус мөн биш нь эргэлзээтэй байсаар ирсэн.
Энд би нэгэн түүхийг ярья. Лхасад Тодэ Хансар хэмээх Шүгдэнг тахидаг хийд байсан. Миний таньдаг Сэра-Мэ дацангийн Бомра аймгийн настай ламыг бага байхад тэр хийдийн дуганч лам түүнд “Нэг удаа хурал хурах үед Шүгдэнгийн онгод бууж, хурлын дунг аваад <<Шашны дайсан Гандан-Потаны орой дээр цохино!>> гэж орилоод дунгаараа газар цохисон” хэмээн ярьсан гэдэг. Төвдийн засгийн газар Гандан-Потантай таардаггүйгээсээ болоод онгод болж буух болгондоо тэгж авирладаг эсэхийг нь мэдэхгүй ч тэр ламын яриагаар <<Шашны дайсан Гандан-Потаны орой дээр цохино!>> хэмээн дунгаар газар цохисон байдаг. Үүнийг надад ярьсан тэр лам одоо 70, 80 хүрч байгаа байх. Ямартай ч эндээс үзэхэд Шүгдэн Төвдийн засгийн газар Гандан-Потантай таарамжгүй гэдэг нь харагдаж байна.
Тиймээс миний Шүгдэнг шүтэхийг хориглох болсон нэгдүгээр шалтгаан нь Төвдийн шашны урсгалууд хоорондын эе эвийг эвддэг, хоёрдугаар шалтгаан нь засгийн газар Гандан-Потантай таардаггүй, гуравдугаар шалтгаан Бурханы шашин жирийн нэг тэнгэр сахиус тахидаг зан үйл төдий болж, тахиж буй тэнгэр сахиус нь ч шашны сахиус мөн биш нь эргэлзээтэй байж хэрхэвч болохгүй гэж үзээд Шүгдэнг шүтэхийг хориглосон. Та бүхэнд үүнийг хэлье гэж бодсон юм. Та нарын дунд өмнө нь Төвдөд байхдаа Шүгдэнг шүтэж байгаад одоо шүтэхээ больё хэмээн шийдсэн хүмүүс байгаа нь сайн гэж хэлсний минь учир шалтгаан энэ юм. Та нар “Шүгдэн хорлоно” гэж айж эмээлгүй санаа амар байж болно. Шүгдэнг шүтэхийг хориглож эхэлснээс хойш олон хүн “Шүгдэнг шүтэхгүй” хэмээн ам авч байсан. Ганц Төвдөд ч биш, Ладак, Монбад ч гэсэн шүтэхгүй хэмээн ам авсан олон хүн гарсан. Тэдгээр хүмүүст Шүгдэнгийн хорлол гараагүй. Тиймээс та нар ч гэсэн тайван байж болно. Цөөн хэсэг хүмүүс үргэлжлүүлэн шүтсээр байгаа. Шашин шүтэх шүтэхгүй нь хувь хүний эрх. Ямар тэнгэр сахиус шүтэх нь ч хувь хүний хэрэг. Өөрөө мэдэж, шийдээд буруу зүйл хийж байгаа хүмүүст миний зүгээс хэлэх үг байхгүй.
 
Төвд хэлнээс орчуулсан Ж.Дамдинсүрэн.