Sunday 14 October 2012

2004 оны 3-р сарын 26-ний өдөр Дээрхийн Гэгээнтэн Дарамсала дахь Тэгчэнчойлин хийдэд Дэмчиг Бурханы авшиг хайрлах үедээ Шүгдэнгийн тухай айлдсан айлдвар


Жанжаа Агваанчогдан Дэмчиг Бурханы номыг голлон анхааран авч бясалгадаг байсан бөгөөд түүнд Дэмчиг Бурханы зарлиг бууж байсан гэдэг. Тэрээр “Дэмчиг Бурханы гадаад хот мандал болон биеийн хот мандлыг бүтээх арга”, “Дэмчигийн авшиг өгөх зан үйл”, “Дэмчигийн авшгийн товч тайлбар” зэрэг олон ном зохиол туурвисан. Товчхондоо тэрээр Дэмчиг Бурханы их бясалгаач хүн байв. Түүний хойд дүрийн хувилгаан Жанжаа Ролбийдорж ч гэсэн Дэмчиг Бурханы их бясалгаач байсан. Түүний дараа үед гарсан Дэмчигийн их бясалгаач бол Павонка Ринбүүчий юм. Мөн түүний шавь нарын дундаас ахмад нь болох Тижан Ринбүүчий ч гэсэн Дэмчигийн дамжлагын эзэн, их бясалгаач байсан.
Гэсэн хэдий ч Павонка Ринбүүчий болон Тижан Ринбүүчий нар Шүгдэнг сахиусанд шүтсэн нь эндүүрэл байсан. Энэ нь жирийн нэг эндүүрэл байгаагүй. Үүнээс болж хоёр дээдсийн зохиол үйлсэд нь хорлол гарсан юм. Шүгдэнг шүтэж байснаар нь далимдуулан Павонка Ринбүүчий болон Тижан Ринбүүчий нарын зохиол үйлсийг буруутгаж хэрхэв ч болохгүй. Мөн “өндөр дээд хувилгаан юм чинь” гээд зохиол үйлсийг нь мухар сохроор даган дуурайвал нийт Бурхан шашны ёсонд таарахгүй.
Өнөөдөр энд Дэмчиг Бурханы авшигт суухаар Жанжаа Ринбүүчийн хойд дүр морилсонд би их баяртай байна. Павонка Ринбүүчийн хойд дүр энд байсан би бол их баярлах байсан. Даан ч Ринбүүчий муу нөхцөлийн эрхэнд орчихсон. Тижан Ринбүүчийн (өмнөх Тижан Ринбүүчийн хойд дүр) хувьд нэгэн шинэ нөхцөл байдлын улмаас энэ зүгт морилж Дэмчигийн авшигт сууж чадахааргүй болсон. Үнэхээр харамсалтай.
“Өмнөх дүрийн Тижан Ринбүүчий Шүгдэнг шүтсэнийг түүний зохиол үйлсийн эрхэм байсан” гэж Тижан Ринбүүчийн хойд дүр айлдсан байсан. Энэ нь буруу юм. Бодь мөрийн зэргээр оюунаа судалж, Дэмчиг, Хажидын номыг анхааран авч байсан нь Тижан Ринбүүчийн зохиол үйлсийн эрхэм байсан болохоос биш Шүгдэнг шүтсэн нь зохиол үйлсийнх нь дээд байгаагүй юм.
Энэ удаад Дэмчигийн авшиг тавьж байгаадаа би их баяртай байна. Сон Ринбүүчийн хойд дүр энд морилсон байна. Лин Ринбүүчий багш маань Сон Ринбүүчийн өмнөх дүрийн тухайд “Судар тарни, уншлага гүрэм болон түүхийн ухааны өндөр мэдлэгтэй, ялангуяа чойрын номд нэвтэрхий хүн” гэж айлдаж байсан. Үнэхээр санаанд багташгүй эрдэмтэй хүн байсан. Худал зүйлийг тэвчдэггүй, шударга шулуун хүн байсан. Гэсэн ч Ринбүүчийн урьд дүр Шүгдэнг шүтэж, шүтэхийг дэлгэрүүлж байснаараа эндүүрэл гаргасан юм. Зохиол үйлс нь Төвдөд тийм ч их дэлгэрээгүй. Шарзэ хийдийн хамба байхдаа суудлаасаа хөөгдөж байсан гэдэг. Төвдийн Хам нутагт зохиол үйлс нь бага зэрэг дэлгэрч байсан ч цаашид дэлгэрэх чөлөө гараагүй гэдэг. Харин Энэтхэгт зохиол үйлс нь ихэд дэлгэрсэн. Хэдийгээр зохиол үйлс нь дэлгэрч байсан ч Сон Ринбүүчийгээс болж Бурханы шашны урсгалуудын хооронд хэрүүл тэмцэл гарч байв. Тэр үед намайг Ориссад очих үед тэндхийн хүмүүс “Хуучин энэ газар хэрүүл тэмцэл гардаг байсан ч, тэр нь намжаад амар жимэр байсныг Сон Ринбүүчий ирээд сэргээчихлээ” гэж ярьж байсан. Бялакүппэд ч гэсэн ийм асуудал гарсан. Сон Ринбүүчий санаанд багташгүй эрдэмтэй хүн байсан ч Шүгдэнгийн тухайд эндүүрч байсан юм. Гэсэн ч Ринбүүчийн хойд дүр учир шалтгааныг тунгааж, хэнээс ч нууж хаалгүй “Бурхан Багшийн таалалтай зохилдон амьдрах нь зөв” хэмээн болгоож өнөөдөр надад Шүгдэнг шүтэхгүй гэдгээ батлан айлтгасан. Ринбүүчий өчигдөр гэлэнгийн санваар хүртэхээр ирсэн. Би ч тухайлан гэлэнгийн санваар хүртээсэндээ маш их баяртай байна. Ринбүүчийд “баярлалаа” гэж хэлмээр байна. Та энэ зам мөрийг сонгосон нь их ач тустай хэрэг юм шүү.
Би нэг түүхийг ярья. Тижан Ринбүүчий багш маань өмнөх дүрийн Гармаба Ринбүүчийтэй маш дотно нөхөрлөдөг байсан. Би Тижан Ринбүүчий багштайгаа байнга уулздаг байсан бөгөөд нэг өдөр багш маань надад “Өчигдөр Гармаба Ринбүүчий гэнэт морилоод намайг сандаргаад” гэхэд нь би “Та яагаад сандарсан юм бэ?” гэж асуухад Ринбүүчий: “Өчигдөр би Шүгдэнг тахих гээд балин тахилаа бэлдчихсэн сууж байтал гэнэт <<Гармаба морилж байна>> гэхээр нь балин тахилаа хурдан хураах хэрэгтэй болоод. Учир нь Гармаба Ринбүүчий Шүгдэнг таалдаггүй” гэж айлдсан юм. Шарын шашны сахиусаа Гаржүдба, Сажава, Нинмава гээд ямар ч урсгалын хутагт хувилгаан хэн ч заларсан нүүр бардам үзүүлэх хэрэгтэй болохоос биш ум хумгүй нуух хэрэгтэй билүү? Жалбуу Гүн-аа тахиж байсан бол хэнээс ч нуух шаардлага гарахгүй байсан. Гаржүдба нараас ч тэр. Гармаба Ринбүүчий Шүгдэнг тийм ч сайн мэддэггүй байсан байх. Учир нь Бутанд заларч байхдаа “Энэ заан унасан дүртэй нь Шүгдэн юм уу?” гэж асууж байсан гэдэг.
Мөн Цүрпү Гаржүдбынхан Гонбо-Бэрнаг сахиусыг голлон шүтдэг. Гонбо-Бэрнагийн доод биеийн өмсгөл нь хар өнгөтэй тул Цүрпү Гаржүдбынхан хар өнгөтэй шамтав (лам хүний доод биеийн өмсгөл) өмсөцгөөдөг. Бурхан Багшийн айлдсан винайн ёсонд лам хүний өмсөж болох хувцасны өнгийг айлдсан байдаг ч Цүрпү Гаржүдбынхан түүнээс илүү Гонбо-Бэрнаг сахиусаа эрхэмлээд винайн ёстой зохилдохгүй өнгөтэй хувцас өмсдөг. Түүнчлэн Бурхан Багш лам хүн цацагтай, ханцуйтай хувцас өмсөж болохгүй хэмээн айлдсан. Үүнийг мэдсээр байж Төвдийн Жанжаа болон Гүндэлин хутагт нар манжийн хааны илгээсэн цацагтай хувцсыг өмсөж байсан гэдэг. Энэ нь манжийн хааныг Бурхан Багшаас дээгүүр үзсэн хэрэг. Төвдүүдийн алдаа энэ юм.
Шарын шашны багш, идам, сахиус алиныг ч, гадна дотнын хэний ч өмнө нүүр бардам үзүүлэх хэрэгтэй болохоос биш нууж хаах нь яав ч сайны шинж биш шүү! Өөр айлтгах зүйл алга аа.

Төвд хэлнээс орчуулсан Ж.Дамдинсүрэн