Wednesday 31 October 2012

2006 оны 1-р сарын 8, 9-ний өдөр Дээрхийн Гэгээнтэн Энэтхэг дахь Амараватид Дүйхор Бурханы Их Авшиг тавих үедээ Шүгдэнгийн тухай айлдсан айлдвар

Энд хуран цугласан хүмүүсийн ихэнх нь Шүгдэнгийн тухай мэдэж байгаа. Гэсэн ч шинээр номд суухаар цөөнгүй хүн ирсэн байгаа тул энэ талаар бага зэрэг яръя гэж бодлоо. Олон жилийн өмнөөс би Шүгдэнг шүтэхийг хориглосон. Энэ шийдвэрийг би зүгээр ч нэг гаргаагүй. Шүгдэн анх V Далай Ламын үед гарсан. Гарсан түүх нь V Далай Ламын гадаад намтар “Дүгүлийн Гой-сан” болон нууц намтар “Санва Жа-жан” дотор ч тодорхой гардаг. Дагважанцан болон V Далай Лам нарын хооронд үл зохилдох байдал үүсэж байсан нь тодорхой. Намтар “Дүгүлийн Гой-сан”-д “V Далай Лам хатуу үйл үйлдэж Шүгдэнгийн хүчийг дарснаа гэрчилж гэрч бичиг зохиосон” тухай өгүүлдэг. Тэр бичиг V Далай Ламын сүнбүмийн “Да” ботид байдаг. Гэрч бичигт: “Гадхасагийн Ла-Ажалын хичээл зүтгэлээр хувилгаан Сономгэлэгбалсангийн хойд дүр хэмээн хуурамчаар тодорсон тэрээр (эцэстээ) ерөөл буруудан тангаргийн буг болоод...” хэмээн Дагважанцанг Банчин Сономгэлэгбалсангийн жинхэнэ хойд биш болохыг V Далай Лам өгүүлсэн байдаг. Сономгэлэгбалсан нь Банчин Сономдагвын хойд дүрийн хувилгаан. Харин Дагважанцан бол Банчин Сономгэлэгбалсангийн хойд дүр хэмээн хуурамчаар тодорсон хүн. Уг бичигт “Дагважанцанг эцэстээ ерөөл буруудсан тангаргийн буг болсон” гэж бичсэн байдаг. Ямартай ч урьд хураасан үйл, буруу ерөөл зэрэг дариудын олон нөхцөл шалтгааны улмаас ерөөл буруудсан тангаргийн буг болсон гэдэг нь тодорхой. Мөн тэр бичигт:
“Дээд бус хуурмаг дээд Дагважанцан хэмээх
Буруу ерөөлт тангаргийн буг ад зэтгэр энэ бээр
Амьтан бүхэн болон шашинд хорлож үйлдвээс
Аварч өмөөрөн бүү зохио, үнсэн товорго болгогтун…” хэмээсэн хэсэг шүлэг байдаг. Хэдэн жилийн өмнөөс “Гэрч Бичиг” дахь энэ шүлгүүдийг Энэтхэг дахь Төвдийн сүм хийдүүд сахиусны тахилга уншлагад оруулж унших болсон.
Хэдийгээр олон жилийн өмнөөс Шүгдэнг шүтэхийг хориглосон ч зарим хүмүүс өнөөг хүртэл шүтсээр байна. Авла орхилыг хэрхэн үйлдэх нь хувь хүний хэрэг. “Эцгийн гэрээс, зүрхний үгээ хэлсэн. Сонсох эсэхээ өөрөө шийд” гэдэг шиг Шүгдэнг шүтэхийг анх хориглож эхэлснээсээ хойш энэ тухай би зөндөө тайлбарласан. Одоо ч тайлбарласаар байгаа. Миний үгийг сонсох сонсохгүй нь хувь хүний хэрэг. Хэдий тийм ч Шүгдэнг шүтэж болох эсэх, ашиг тус байгаа эсэхийг тайлбарлах нь миний үүрэг. Өөрийгөө бодоод яавал ч яаг гээд тайван сууж хэрхэв ч болохгүй. Зарим нэг хийдийн хамба, хувилгаад өөрсдийгөө бодоод “Балинг нь нохой идэж байсан ч нүдээ анин сууна. Хийдэд нь гал гарч байсан ч нүдээ анин сууна” гэдэг шиг авир байдал гаргаж байсан. Бүгдээрээ л шашныхаа төлөө санаа тавьж байх хэрэгтэй. Анхандаа би шашны сахиус мөн гэж итгээд Шүгдэнг шүтэж байсан. Аажмаар бодит байдлыг мэдэж, эндүүрч байснаа ухаарсан. Дараа нь элдэв асуудал гарч, өнгөрсөн түүхийг нягтлан үзэж байх үедээ өмнө өгүүлсэн V Далай Ламын “Гэрч бичиг”-ийг олсон юм. Мөн эрдэм чадал төгссөн олон мэргэд, дээд төрөлхтөн нар “Шүгдэнг тангаргийн буг” хэмээн танин барьж, шүтэхийг хориглож байсныг мэдсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд: хэрэв V Далай Ламын зохиосон “Гэрч бичиг”-т өгүүлснийг эндүүрэл хэмээн эш үндэс, баталгаа нотолгоотой тайлбарласан өөр тайлбар бичиг байгаа бол өөр хэрэг. Гэвч өнөөг хүртэл хэн ч V Далай Ламын бичсэнийг эндүүрэл байсан хэмээн эш үндэс, баталгаа нотолгоотойгоор тайлбарлаагүй. XIII Далай Лам болон Цастын орны шашин, амьтны тусыг агуу ихээр бүтээж байсан шашныг баригч олон мэргэд, дээд төрөлхтөн нар V Далай Ламын эцэслэн шийдсэнийг зөвшөөрч, Шүгдэнг шүтэхийг хориглож байсан. Нэг хэсэг “Дагпү Бадмаабазар Шүгдэнд амиа тушааснаар арилсан үзэгдэл үзэгдсэн” гэх яриаг Шүгдэнг шашны сахиус гэж үзэх баталгаа болгож байсан. Дагпү Ринбүүчийд арилсан үзэгдэл үзэгдэж байсан тухай өгүүлдэг модон бараар Төвдөд хэвлэгдсэн ном байдаг. Тэр номд Дагпү Бадмаабазар залуудаа олон арилсан үзэгдэл үзэж байсан тухай, мөн Павонка Ринбүүчийтэй учирч байсан тухай болон хэдий үед ямар ямар ариун үзэгдэл үзэгдэж байсан тухай бичсэн байдаг. Үнэхээр Дагпү Бадмаабазар Шүгдэнд амиа тушааснаар өөрт нь арилсан үзэгдэл үзэгдсэн юм бол тэр номд өгүүлэх ёстой байсан ч энэ тухай нэг ч үг байгаагүй. Дагпү Бадмаабазар Шүгдэнд амиа өргөснөөр арилсан үзэгдэл үнэхээр үзэгдсэн эсэхийг шинжлэх хэрэгтэй. Энэ ном Төвдөд хэвлэгдсэн. Дагпү Бадмаабазар эрдэм чадал төгс дээд төрөлхтөн байсан гэдэг нь энэ номоос тодорхой харагддаг. Гэхдээ хүмүүсийн яриад байдаг шиг арилсан үзэгдэл үзэгдсэн тухай бичээгүй байсан. Тиймээс үүнийг шинжилж үзэх нь чухал.
Надад Шүгдэнг шүтэхийг хориглох болсон олон шалтгаан бий. Би V Далай Ламын замаар аль чадахаараа явахыг хичээдэг. Хүссэн, хүсээгүй нэг шалтгаан нь энэ юм. Өөр нэг шалтгаан нь Богд Ламын шашин. Зөөлөн итгэлт Богд Лам сайн номлолын гайхамшиг болсон 18 боть зохиол үлдээсэн. Тэдгээрийн дотор санаа саванд багташгүй судар тарнийн гайхамшигтай олон увидас байдаг. Энэ 18 боть Шарын шашинтан хүний гаднаа бахархах бахархал, дотроо нандигнах эрдэнэ юм. Эрхэмлэж нандигнах хэрэгтэй 18 ботио орхиод ерөөл буруудсан тангаргийн бугийг эрхэмлэвэл Богд Ламын шашинтан хүний хувьд гутамшигтай, ичгүүртэй хэрэг. Богд ламын шашныг үнэхээр л илүү гэж үздэг хүн бол илүүд үзэж байгаа зүйлээ эндүүрэхгүй байх учиртай. Багшийг тахихуйн уншлага унших болон Шүгдэнг шүтэхийг Богд Ламын шашны зүрхэн эрдэнэ гэж үзэх нь алдаа юм шүү! Богд Ламын айлдсан 18 боть зохиолд эзэн сууж чадвал харин үнэхээр гайхамшиг. Төвдөөс ирсэн хүмүүсийн дунд болон мөн энд ерөөл хурж байгаа учраас Шүгдэнг шүтдэг хүмүүс ирсэн байж магадгүй. Сэра хийдэд Шүдгэнг шүтдэг хүмүүс байдаг. Брайбүн хийдэд бараг байхгүй. Ямартай ч Шүгдэнг шүтдэг хүмүүс маргааш номд суухаар битгий ирээрэй гэж хүсэх байна. Шүгдэнг шүтэхийг хориглох болсон өөр нэг шалтгаан бол манай төвдүүдийн дунд тэнгэр, лус тахих явдал их дэлгэрсэн байдаг. Энэ нь маш том алдаа юм. “Өөрт ямар ч хэрэг тохиолдсон бай хамаагүй, Бурханы номтой холбоод тэнгэр, лус тахих нь маш том алдаа! Шашныг гутааж буй хэрэг юм шүү!” гэж хэлье. Мөн өөр нэг шалтгаан нь Шүгдэнг шүтсэнээс болж Төвдийн шашны урсгал, дамжлага хоорондын эв түнжин эвдэрч, тангараг тасрах явдал гардаг. Цаст Төвдийн оронд дэлгэрсэн Сажава, Нинмава, Гаржүдба, Гэлүгба, Жонон тэргүүтэн урсгал, дамжлагууд харилцан эвлэж чандмана эрдэнийн гэрэл мэт түгэх хэрэгтэй гэлцдэг. Энэ бол маш чухал юм. Урсгал, дамжлага хоорондын тангараг бат, суртгаал ариун, таалал зохилдонгуйгаар оршиход Должал буюу Шүгдэнгээс болж эс мэдсэн буруу бодол, атгаг сэжиг үүсэж өөр хоорондоо харшлах явдал гардаг. Урьд Төвдөд иймэрхүү явдал олон гарсан. Хожим Энэтхэг дахь цагаачдын дунд ч цөөнгүй гарсан. Ямартай ч Шүгдэнг шүтэх нь Бурханы шашны урсгал, дамжлагуудын эе эвд харшлах маш том шалтгаан болдог.
Өөр нэг шалтгаан нь Төвдийн шашин төр юм. Цастын оронд ач ихтэй засгийн газар Гандан-Потаны үндэс суурийг V Далай Лам анх тавьсан. V Далай Лам Төвдийн ард түмний өмнө маш их үүрэг хүлээж, шашин төрийн үндэс суурийг бататгаж өгсөн. Үүний ач тусыг үл хайхран буруу замаар явбал ачийг нь усаар хариулж буй хэрэг. Зөв бурууг тайлбарлаж таниулах нь миний үүрэг. Голлон эдгээр учир шалтгааны улмаас би Шүгдэнг шүтэхийг хориглосон юм. Үүний дараагаар Төвдийн Бурханы шашны урсгал, дамжлагыг баригч хутагт хувилгаад, хамба, номын мэргэд нар Шүгдэнг шүтэж болохгүйн учир шалтгааныг ойлгон миний шийдвэрийг хүлээн зөвшөөрч, их сэтгэл гаргаж байсан. Гандан хийдийн Ширээт лам байсан Лувсанням, Брайбүн хийдийн Хамба байсан Дамбаданзан зэрэг олон хүмүүс шашны үүргийг үүрч, энэ тал дээр их хичээл зүтгэл гаргасан. Зарим нэг нь энэ асуудлыг төдийлөн ойшоож үздэггүй. Энэ нь надад чухал биш ч бид бүгдээрээ нийт Бурханы шашин хийгээд ялангуяа Богд Ламын шашны тусын тулд маш ихээр санаа тавьж байх хэрэгтэй. Миний амьд байх хугацааны гуравны хоёр нь дууссан. Үхэлд ойртож байна. Намайг өнгөрсний дараа ороолон адил босохоор хүлээж суугаа хүмүүс хожим юу хийхийг залуу хүмүүс та нар бодох хэрэгтэй. Намайг өнгөрсний дараа ач үл санах тэр хүмүүс хагарал гаргах нь тодорхой. Эдгээрийг та нар сайтар бодох хэрэгтэй шүү! Ойлгосон уу?